Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Онцлох ном: Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд

МОНСУДАР
2018 оны 2 сарын 19
Монсудар
Зураг зураг

Таны өдийг хүртэл уншсан номууд дотроос хэд нь эмэгтэйчүүд хувь тавилангийнхаа эзэн байж, мөрөөдлөө өөрсдийн хүчээр бүтээсэн тухай өгүүлдэг вэ?. Үлгэрт бол ханхүү эсвэл хулгана, номонд бол ах эсвэл хэн нэгний нөмөр нөөлөггүйгээр эмэгтэйчүүд амжилтанд хүрсэн тухай дурддаггүй. Иймээс л охид сургуульд орох үедээ аль хэдийн өөртөө итгэх итгэл нь хөвгүүдийнхээс бага болчихсон байдаг.

Яг энэ тухай алдарт зохиолч Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө” номондоо маш сонирхолтой нэг жишээгээр бүгдэд ойлгомжтой тайлбарлажээ. Шекспирт дүү охин байсан гэж төсөөлцгөөе. Уильямаас ч илүү авьяастай байж мэдэх гялалзсан охин байж дээ. Гэвч ээж нь түүнийг ах шиг нь хэлзүйн сургуульд явуулахгүй болохоор тэр Овид, Виргилий, Хорас нарыг уншихгүй. Ахынхаа номоос ганц нэгийг харж, түүнийг дуурайн шүлэг найраг бичлээ гэхэд энэ тухайгаа бүгдээс нууж, эсвэл шатааж орхино. Гэрээсээ оргон театрт ирлээ гэхэд түүнийг даанч Уильям шиг хүлээж авахгүй.

XVI зуунд эмэгтэй хүн сод авьяастай төрлөө гэхэд нэг бол галзуурч, үгүй бол амиа хорлож, эсвэл тосгоны гаднах оромжиндоо шоолж доромжлуулан насыг барахаас аргагүй цаг байжээ. Тэгэхээр Шекспирийн цаг үед түүн шиг авьяас билэгтэй эмэгтэй байсан бол хүн төрөлхтөнд ийм л түүх үлдээх байсан гэдгийг “Шекспирийн цаг үед түүн шиг авьяас билэгтэй эмэгтэй ганц ч төрөөгүй” гэж хэлэхээсээ өмнө бодох хэрэгтэй болох нь хэмээсэн байдаг.

Хэдий XXI зуун гарсан ч кино, зурагтын нэвтрүүлэг, хүүхдийн номонд хүртэл зөвхөн эрчүүдийг харуулж, тэд л ноёлсоор байна. Тэгвэл үүний эсрэг бүх эмэгтэйчүүдэд боломж бий гэдгийг харуулахын тулд яах ёстой вэ?.

Энэ асуултанд хариулахаар өнөөдрийн та бүхэнд танилцуулж буй “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд” ном бүтээгдсэн юм. Энэ номыг бүтээхээр зохиогчид нь маш олон газар төслөө танилцуулсан ч “Яахав, дажгүй санаа юм гэхдээ нэг их амжилт олохгүй дээ” гэсэн хариу л сонссоор байсан тул олон нийтээс санхүүжилт босгохоор шийдэн kickstarter.com сайтад төслөө нийтэлсэн нь амжилттай болж 13 мянга гаруй хүний хамтын санхүүжилтээр уг ном бүтсэн юм. Зөвхөн санхүүжилтээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс авъяаслаг зураачид хамтран ажиллаж дэлхийг өөрчилсөн 100 эмэгтэйн түүхийг ном болгон бүтээжээ.

Бүхий л тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг үл тоон гайхамшигт амжилтанд  хүрч чадсан энэхүү 100 эмэгтэйн түүх танд болон бяцхан охинд тань ирээдүйгээ өөрийн гараар бүтээх эрч хүч хайрлана гэдэг итгэлтэй байна.

Номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monsudar.mn/books/view/124/