Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Мөсний ханхүү" гэгдэх Юзуру Ханюгийн тухай сонирхолтой баримтууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны өвлийн олимп эдгээр өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Өвлийн олимпийн хамгийн их үзэгчтэй, өрсөлдөөнтэй төрөл бол уран гулгалт байдаг.  Энэ удаад бид Олимпийн хоёр удаагийн аварга, Японы уран гулгалтын супер од, "Мөсний ханхүү" хочтой Юзуру Ханюгийн талаар баримтуудыг хүргэж байна. 

Тэрбээр 2018 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр уран гулгалтын эрэгтэй, ганцаарчилсан төрлийн аварга болоод байгаа юм. 

ВИДЕО: 

23 нас хүртлээ Дэлхийн рекордыг 12 удаа эвдсэн

Юзуру Ханю нь 1994 оны 12 дугаар сарын 7-нд төрсөн бөгөөд өдгөө 23 настай. Тэрбээр 2014,2018 оны өвлийн Олимпийн аварга, 2014, 2017 оны Дэлхийн аварга тамирчин юм.  Мөн дэлхийн рекордыг 12 удаа эвдсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй Ази тивээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль авсан анхны тамирчин билээ. 

Юзуру Ханю 2014 оны Сочигийн өвлийн олимпт алтан медаль хүртсэн нь 1948 оноос хойш хамгийн залуудаа эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпийн медаль хүртсэн тохиолдол болоод байна. 

Хүч чадал, шулуун шударга, итгэлтэй байдлын илэрхийлэл
 

Түүний нэр эрчилсэн олс буюу хүч чадал, шулуун шударга, итгэлтэй байдлын илэрхийлэл гэсэн утгатай ажээ. Түүний аав хүүгээ хөдөлмөрч, хүчирхэг оюунтай хүн болгохыг хүсэж ийнхүү нэрлэсэн байна. 

Тэрбээр одоо Японы хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий, сэтгэл татам залуу тамирчин болжээ. 

Оросын алдарт тамирчин Евгений Плушенког "шүтдэг" 
 

Юзуру Ханю дөрвөн настайгаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр өсвөр насандаа олимпийн хоёр алт, хоёр мөнгөн медальт, ОХУ-ын домогт тамирчин Евгений Плушенкогоос үлгэр дуурайл авч, түүн шиг тамирчин болохыг хүсдэг байжээ. 

4 настай балчир хүү анх төрсөн эгчийгээ дагаж мөсөн талбайд гарч байсан бол өдгөө дэлхийн хамгийн шилдэг тамирчнаар нэрлэгдээд байна. Юзуру Ханю одоо шүтэж явдаг Евгений Плушенкотой дүйцэхүйц алдар хүндийг олжээ. 

Өсвөр насандаа байгалийн гамшигт өртөж байжээ
 

Тэрбээр Японы зүүн хойд хэсэгт байрлах Сэндай хотод төрж өссөн. 2011 онд тус хотод болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн байна. Байгалийн энэхүү гамшгийн улмаас 18 мянга гаруй хүн нас барж, сураггүй болсон харамсалтай тоо байдаг. 

Энэ үед өсвөр насны тамирчин Юзуру Ханю гэрийнхээ гадаа байрлах мөсөн талбайд бэлтгэлээ хийж байжээ. Бэлтгэлээ хийж байхад нь болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас мөсөн талбай нь сүйрсэн байдаг. 

Уг газар хөдлөлт нь Юзуру Ханюгийн амьдралд тохиолдсон хамгийн аймшигтай гамшиг гэдгийг тэрбээр дурсан ярьдаг. 

Түүний мөнхийн өрсөлдөгч бас анд нөхөр Хавиер Фернандез

2018 оны Пёнчаны олимпоос алтан медаль хүртэхэд түүнтэй хамт шагналын тавцан дээр Японы тамирчин Шома Уно, Испанийн тамирчин Хавиер Фернандез нар зогсож байсан билээ. 

Олимпийн хүрэл медаль хүртсэн Хавиер Фернандез түүний мөнхийн өрсөлдөгч, бас анд нөхөр юм. Тэд нэрт дасгалжуулагч Брэйн Орсерын шавь билээ. Хэдийгээр нэг багшийн шавь нар ч гэлээ мөсөн талбайд тэд хамгийн хүчтэй өрсөлдөгч, бие биенээ хурцлагчид байдаг. 

Хавиер Фернандезын тухай тэрбээр "Хавиер байхгүй байсан бол би бэлтгэл сургуулилтаа ийм сайн хийж чадахгүй. Бид бие биенийхээ хамгийн сайн дэмжигч байдаг. Хэдийгээр хоорондоо юм ярьдаггүй ч түүнтэй харц тулгарах үед би илүү дээрддэг" хэмээн ярьж байжээ. 

Винни Пуухаар бороо оруулсаар...
 

Юзуру Ханю сурагч байхаасаа Винни Пуухын Талархлын Нийгэмлэгийн гишүүн байжээ. Тэрбээр уг тоглоомонд маш дуртай бөгөөд шүтэн бишрэгчид нь амжилттай үзүүлбэрийн дараа маш олон Винни Пуух түүнд бэлэглэдэг.

Хамгийн сүүлд л гэхэд Пёнчаны олимпийн үзүүлбэрийн дараа мөсөн талбайд Винни Пуухаар бороо оруулсан байна. 

 

Эх сурвалж: Time, Daily Mail