Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тел Авив дахь Польшийн элчин сайдын яамны үүдэнд хас тэмдэг зурсан хэргийг шалгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Израйлийн Тел Авив хот дахь Польшийн элчин сайдын яамны үүдэнд хас тэмдэг зурсан хэрэг Ням гарагт гарсан байна.

Уг хэрэг Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкийн хэлсэн үгний хариуд Израйлийн засгийн газар эсэргүүцэл илэрхийлсний маргааш гарсан юм. Одоогоор хас тэмдгийг зурсан этгээдийг олоогүй байна.

Өнгөрсөн Бямба гарагт Мюнхенд болсон аюулгүй байдлын олон улсын чуулган дээр Польшийн ерөнхий сайд дэлхийн хоёрдугаар дайны үеийн холокостын аллагад зөвхөн Геманчууд биш, зарим жүүд хүмүүс өөрсдөө ч буруутай гэсэн үгийг хэлжээ. Сэтгүүлч түүнээс холокостын аллагад оролцсон польш хүмүүст шинэ хуулийн дагуу ял шийтгэл оноох эсэхийг асуусан юм. Моравецкий үүнд хариулахдаа “Германчуудаас гадна холокостод Оросууд, Украинчууд, Жүүдүүд ч буруутай тул оролцсон Польш хүмүүсийг шийтгэх боломжгүй” гэжээ.

Бямба гарагийн орой Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Польшийн ерөнхий сайдын хэлсэн үгийг буруутгасан мэдэгдэл хийж, маргааш нь түүнтэй утсаар ярилцсан юм.

Тэрээр Моравецкийг түүхэн үнэнийг гуйвуулах оролдлого хийсэн гэж үзжээ. Үүний дараа Польшийн тал хариу тайлбар хийж, ерөнхий сайдынхаа хэлсэн үгийг “Холокостыг үгүйсгээгүй, хэлмэгдсэн жүүд хүмүүст геноцидын бурууг тохох санаагүй” байсныг мэдэгдсэн юм.

Польш улс саяхан хэн нэгэн өөрийн иргэнийг нь, улс орныг нь Холокостод холбон буруутгахаас хамгаалсан хууль баталжээ. Ийм хэрэг үйлдсэн хүнд торгууль, гурав хүртэл жил шоронд хорих ял оноохоор болсон юм.

Шинэ хуулиас болж Польш-Израйлийн хооронд маргаан дэгдэж байв.

1939 онд Нацист Германд эзлэгдсэн Польшийн нутаг дэвсгэрт сүүлд Осшвицийн хорих лагерийг байгуулж, олон сая жүүд хүнийг энд хороосон юм. Зарим түүхчид уг лагерийг байгуулж, ажиллуулахад Польшийн эрх баригчид оролцож байсан, мөн нуугдсан жүүдүүдийг илрүүлж, устгах ажиллагаанд польш хүмүүс оролцож, шагнал авч байсан гэж үздэг ажээ.

 

Эх сурвалж: BBC