Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Риогийн гэмт хэрэгтэй тэмцэхээр Бразил улс цэрэг илгээх шийдвэр гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Бразилийн Рио Де Жанейро муж болон түүний төв Рио Де Жанейро хотод гэмт хэрэг, хүчирхийлэл газар авсан тул Баасан гарагт тус улсын ерөнхийлөгч Мишел Темер зэвсэгт хүчинд он дуустал хяналтыг шилжүүлэх зарлиг буулгалаа.

Рио мужид сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа цэрэг илгээж байсан ч энэ удаа нийгмийн аюулгүй байдлыг хангах үүргийг армид бүрэн олгож байгаагаа онцлог шийдвэр болж байна.

Зарлигт гарын үсэг зурахдаа Темер “Цагдаа болон зэвсэгт хүчин манай хотуудыг гартаа оруулсан гэмт этгээдүүдтэй хамтран тэмцэх юм” хэмээн мэдэгджээ. Дээрэмчдийн бүлэглэлүүд 12 сая хүн амтай Рио Де Жанейрогийн төв хэсгийг бүхэлд нь эзлээд байгааг тэр мөн хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн зарлиг Риогийн алдарт багт наадмын дараа гарсан ба 1980-аад оны дундуур Бразильд цэргийн дэглэм солигдсоноос хойш анхны ийм алхам болж байгаа юм.

Зарлигийг энэ долоо хоногт конгрессоор батлуулах гэнэ.

2016 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан Рио Де Жанейро хотод гэмт хэрэг хяналтаа алдаад байгаа. 2017 онд тус хотод 2,125 аллага гарсан нь 2014 оноос 37 хувь өссөн дүн юм. Олимпийн наадмын үеэр хотод 80,000 цэрэг илгээж, аюулгүй байдлыг хангаж байв.

Буудалцаан, дээрэм тонуул, гудамж, зам талбайг барьцаалж хаах үзэгдэл Риод түгээмэл гардаг. Хар тамхины болон бусад гэмт хэргийн бүлэглэлүүд хотын гол хэсгийг хуваан эзэмшдэг. Цагдаа нар тэдэнд туслах, зэвсэг, мэдээллээр хангах хуйвалдаан хэд хэд гарсан байна.

Иргэд гудамжинд болж буй бүлэглэл хоорондын болон цагдаа нарын буудалцаанд өртөх явдал элбэг. Хоёрдугаар сарын 9-13-ны хооронд Риод болсон багт наадмын үеэр мөн буудалцаан болж байв. Багт наадмын үеэр аллага буурдаг гэж эрх баригчид мэдээлж байгаа ч дээрэм, автомашины хулгай нэмэгддэг нь тоо баримтаас харагджээ.

Риогийн гэмт хэргийн нэмэгдэлт нь тус улсын эдийн засгийн хямралтай холбогдож байгаа гэнэ. Төсвийн алдагдал улам нэмэгдэж, төрийн өмчийн томоохон газрын тосны компани Петробрасийг тойрсон луйврын хэргүүд тасрахгүй байна.

Нийт 17 сая оршин суугчтай Рио муж дахь ажлын байр сүүлийн гурван жилд хагас саяар хорогдсон гэнэ.

 

Эх сурвалж: Reuters