Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн зөвлөх эмч Д.Даваадорж: Хоолны хордлогоос сэргийлнэ гэдэг нь хуучирсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хэлдэг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 2 сарын 14
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Сар шинийн баярын үеэр зохисгүй хооллох зэргээс үүдэн хоолны хордлого, хоол боловсруулах эрхтний өвчлөл эрс нэмэгддэг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлийн талаар, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замын талаар цөөн асуултанд хариулт авлаа. 

- Цагаан сарын баярын дараагаар ходоод, нойр булчирхайн өвчлөл нэмэгддэг гэдэг?  

- Тиймээ, сар шинийн үеэр хүмүүс энгийн өдрүүдийнхээс 3-4 дахин илүү ачаалалтайгаар хооллодог Үүнээс үүдээд хоолны ачаалал нэмэгдснээр хоол боловсруулах замын өвчлөл ихэсдэг. Мөн сар шинийн гол хоол, зуушны найрлагад уураг их хэмжээгээр агуулагдсанаар хоол боловсруулах замын эрхтнүүд хүчтэй ачаалал авдаг. Үүнээс үүдээд хуучин байсан өвчнүүд сэдрэх тохиолдлууд ч гардаг. Дээр нь нэмээд хуучирсан айраг, тараг цагаа хэрэглэх нь хоол боловсруулах замын эрхтнүүд дундаас ходоод, нойр булчирхай, цөсийг цочроож өвчлүүлдэг юм. Баярын өдрүүдээр архи дарс их хэрэглэснээс нойр булчирхайн үрэвсэл ихсэх нь бий. 

- Баярын ганц хундага архи, кола уух нь хоолны шингэц сайжруулдаг гэсэн өрөөсгөл ойлголт ч давхар яваад байх шиг? 

- Хоолны дараа 100 гр архи уух нь хоолны шингэцийг сайжруулах нь бий. Гэхдээ сайнгүй л дээ. Яагаад гэвэл нойр булчирхайгаас ялгарч байгаа ферментүүд өөрийнхөө хэмжээндээ л ялгардаг. Тэгтэл хэвийн хэмжээнээсээ 2-3 дахин их ачаалал авахаар нойр булчирхай ачааллаа даахгүйгээр, тэр хэрээр их шүүс, шүүрэл ялгаруулдаг. Ингээд ачаалалтай байх явцад нь архины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээр цочрол өгөөд үрэвсдэг. Тэгэхээр энэ бол нэг талдаа архи дарс хэрэглэх, кола уух нь бага хэмжээгээр буюу зохистой хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд шингэц сайжруулахаас бус бус хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг дүн үүсгэдэг. 

- Цагаан сарын үндсэн хоол буузтай хамт ногоон өнгийн, шинэ, навчит ногоо түлхүү хэрэглэж зохицуулах хэрэгтэй гэдэг. Зүй зохистой ширээ засья гэвэл юуг анхаарах вэ? 

- Би бол өвчүү ууц гэсэн том мах чанах бол өндөр настай хүмүүст гэхээс биш ер нь бол шинж тэмдгийн байх нь илүү чухал болов уу л гэж боддог юм. Зочноо сайхан хоол ундаар дайлья гэж бодож байвал сайхан шинэ мах аваад орж буй хүмүүстээ бага багаар чанаж өгөөд, ногооны зууш салатыг  3-4 төрлөөр нь хийж мах, ногооныхоо харьцааг тааруулаад явбал уламжлалаа дагасан, шинэчлэл хийсэн, нэмээд хувь хүнийхээ эрүүл мэндэд сөрөг нөлөөлөөгүй болов уу гэж боддог юм. Яагаад үүнийг ярьж байна вэ гэвэл удаан хадгалсан хүнсний бүтээгдэхүүн өөрөө эргээд өвчлөл үүсгэх үндсэн шалтгаан болдог.

Удаан хадгалсан хүнс хэрэглэх нь хавдар үүсгэх элемент агуулдаг юм. Бид нар нэгэнт нүүдлийн соёлоос суурин соёл иргэншилд шилжиж байгаа юм чинь энэ дээр анхаарал тавьж хоол хүнснийхээ шинэ хуучин байдал, найрлага, хэмжээ зэрэгт анхаарах хэрэгтэй гэсэн дохио юм. 

- Хавдрын өвчлөл залуужиж байгаа нь хооллолт, хүнсний бүтээгдэхүүний хадгалалттай холбоотой юу? 

- Жишээлбэл цагаан сарын том мах чанадаг, удааж байгаад хуршаагаад иддэг маань өөрөө эргээд шинэ хүнс хэрэглэх ёстой байтал удаан хугацаанд, зохисгүй хадгалсан хүнс маань бактери агуулж энэ эргээд өвчлөл үүсгэх маш том шалтгаан болж байгаа юм. Намар бэлдээд өвөлжингөө хадгалсан цагаан идээ маань өөрөө афлатоксин хэмээх бодис агуулдаг юм. Афлатоксин гэдэг нь хөгцийг хэлээд байгаа юм. Энэ бодис нь хавдар үүсгэх үйлчилгээтэй, тийм болохоор аль болох хөгцөрсөн, хуучин бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь чухал. 

- Баярын өдрүүдээр бага насны хүүхдүүд хоолны хордлого их авдаг. Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэх зөвлөгөө байна уу? 

- Ер нь хоолны хордлогоос сэргийлнэ гэдэг нь хуучирсан буюу хөргөгчинд удаан хадгалсан салатнууд гэх мэт зүйлсийг хэрэглэхгүй байхыг хэлдэг. Мөн  хүүхдийнхээ нас, биед таарсан хэмжээгээр хоол өгөх хэрэгтэй. Дээр нь нэмээд гурилан бүтээгдэхүүн, бялуу, чихрийн төрлийн зүйл бага өгөөрэй.  Ийм бүтээгдэхүүнүүдийг баярын өдрүүдээр хүүхдэд их өгдгөөс хоол боловсруулах эрхтэн, нойр булчирхайн фегментүүдийн хэмжээ ихэсдэг, аажимдаа хүний дархлал буурдаг. Дархлал буурна гэдэг маань ямар нэгэн өвчин авах суурь бий болж байна гэж үздэг юм. Үүнийг л анхаараарай. 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.