Жил гаруй хугацааны өмнө Перугийн өндөр хамгаалалттай шоронгоос өөрийн ихрийн өрөөсөнтэй солигдон оргосон этгээдийг өчигдөр баривчилжээ.
Алехандр Жеферсон Делгадо Эррера гэгч энэ этгээд нэг жил, нэг сар орчим хугацаанд эрэн сурвалжлагдаж байв. Тэрээр хүүхэд хүчирхийлсэн болон дээрмийн хэргээр 16 жилийн хорих ял аваад хоригдож байсан юм.
Делгадо 2017 оны нэгдүгээр сарын 10-нд эргэлтээр ирсэн ихэрийн өрөөсөн болох Жанкарлог мансууруулж унаган, хувцсыг нь сольж өмсөөд оргосон байна.
Эхэн үедээ цагдаа нар Жанкарлог оргоход нь тусалсан гэж сэжиглэж байжээ. Гэвч сүүлдээ энэ сэжигийг үндэслэлгүй гэж үзээд мөрдлөгийг хаасан байна. Перугийн хууль зүйн яамны мэдэгдэлд “Өнөөдөр бид 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Педрас Гордас шоронгоос ихэртэйгээ солигдож оргосон этгээдийг баривчиллаа. Түүний ихрийг оронд нь хорьж байсныг өнөөдөр Делгадо Эррерагаар солилоо” гэжээ.
Олон сарын турш мөрдсөний эцэст түүнийг Перугийн боомт хот Каллаогийн далайн эргийн дүүргээс олж баривчилсан байна. Делгадо ээжтэйгээ уулзахын тулд оргох төлөвлөгөө боловсруулснаа хүлээн зөвшөөрчээ. Перугийн дотоод хэргийн яам түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд 20,000 перу сол ($6,127 орчим) шагнал болгон өгөхөө амлаж байв.
Сүүлийн 12 жилийн хугацаанд ганц ч хоригдол оргож чадаагүй өндөр хамгаалалттай шоронгоос оргосон нь хууль, цагдаагийн байгууллагуудыг гайхшруулж байсан юм.
Эх сурвалж: The Guardian