Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболдын тэргүүлж буй парламентын үйл ажиллагааг дүгнэх нь...

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын үнэмлэхүй олонх гишүүдтэй парламент бүрдсэн. Уг парламентын хийж гүйцэтгэсэн ажлууд, гишүүдийнх нь хуралдаанд оролцсон идэвх, хэчнээн цаг хуралдсан зэрэг нь өмнөх парламентуудтай харьцуулахад ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. 

Энэ удаагийн парламент гурван чуулганы хугацаанд өмнөх парламентуудаас хамгийн олон цаг буюу 24,895 цаг хуралджээ. 

Түүнчлэн эхний гурван ээлжит чуулганы хугацаанд 493 хууль, өнгөрсөн оны намрын чуулганаар 125 хууль баталсан зэргээс үзвэл одоогоор хамгийн олон хууль баталсан парламент гэж нэрлэж болохоор байна. 

Ингээд 2004 оноос хойших дөрвөн УИХ-ын үйл ажиллагааны талаарх харьцуулсан судалгаанаас гарсан үр дүнг хүргэе.

Хэдхэн хоногийн өмнө завсарласан Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулжээ.

Энэ хугацаанд:

  • УИХ-ын нэгдсэн чуулган 39,
  • Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж,
  • бие даасан 18,
  • хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталсан байна.

График 1, батлагдсан хууль /Эхний гурав болон гурав дахь чуулганы хугацаанд/

Тайлбар: Эхний гурван чуулган гэдэг нь тухайлбал, 2016 онд бүрдсэн парламентаар жишээ авбал 2016 оны намар, 2016 оны хавар, 2017 оны намрын чуулган юм. Харин гурав дахь чуулган нь 2017 оны намрын чуулган. 

2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд нийт 178 хууль, 2008-2012 оны УИХ 201 хууль, 2012-2016 оны УИХ 269 хууль баталсан бол энэ удаагийн УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд 493 хууль харин намрын чуулганаар 125 хууль баталжээ. 

График 2, батлагдсан тогтоол /Эхний гурав болон гурав дахь чуулганы хугацаанд/

2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд нийт 124 тогтоол, 2008-2012 оны УИХ 135 тогтоол, 2012-2016 оны УИХ 139 тогтоол баталсан бол энэ удаагийн УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд 143 тогтоол харин зөвхөн намрын чуулганаар 54 тогтоол баталсан байна. 

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын болон дэд хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын 14 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 69 гишүүн 262 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна.

Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэдээллийн санд Засгийн газарт болон Засгийн газрын гишүүдэд үүрэг, чиглэл болгосон нийт 116 хуулийн 631 заалт бүртгэгдэж хяналтад байна. Эдгээрээс давхардсан тоогоор 24 хуулийн 121 заалт буюу 19.2 хувь нь бүрэн хэрэгжсэн, 37 хуулийн 130 заалт буюу 20.6 хувь нь хэрэгжих шатанд, 36 хуулийн 151 заалт буюу 23.9 хувь нь хэрэгжилт хангалтгүй, 28 хуулийн 127 заалт буюу 20.1 хувь нь хэрэгжээгүй, 14 хуулийн 102 заалт буюу 16.2 хувь нь хэрэгжих хугацаа болоогүй байна.

График 3, Гишүүдийн хуралд оролцсон байдал  /Эхний гурван чуулганы хугацаанд/

УИХ-ын гишүүдийн хуралдааны ирцийг харьцуулбал 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганаар 17,444 цаг, 2008-2012 оны УИХ 21,354 цаг, 2012-2016 оны УИХ 17,061 цаг хуралдсан бол энэ удаагийн УИХ 24,895 цаг хуралджээ. 

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 2, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 7, нийт 9 ажлын хэсэг ажиллав. Үүнээс 2017 онд 4, 2018 онд 5 ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 70 гишүүн оролцож ажилласан байна.

График 4, УИХ-ын шийдвэр үндсэн хууль зөрчсөн талаарх харьцуулсан судалгаа

УИХ-д өргөн баригдсан хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр унах тохиолдол байсаар байгаа ажээ. Цэцээс 2004-2008 онд 41 дүгнэлт ирүүлсний 22 нь, 2008-2012 онд 27 дүгнэлт ирүүлсний 14 нь, 2012-2016 онд 40 дүгнэлтийн 26 нь, 2016-2018 онд 13 дүгнэлтийн 7 нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн байна.