Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчийн найзад 20 жил хорих ял оноолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгчийг огцруулахад хүргэсэн дуулианы гол эзэн Чой Сүн Силд өнөөдөр шүүхээс 20 жил хорих ял оноолоо.

Нийтдээ есөн зүйл ангиар буруутгагдсан Чойд прокурорууд 25 жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. 10 гаруй хэрэгт шүүхээс ял хүлээж байгаа ерөнхийлөгч асан Пак Гын Хэ мөн ийм хэмжээний шийтгэл амсах магадлалтай болж байна.

Сөүлийн тойргийн шүүх өнөөдөр бас ерөнхийлөгчийн ахлах туслах байсан Ан Жон Бёмын хэргийг шүүж, ял оноох юм.

2016 оны сүүлээр ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон дуулиан дэгдэх хүртэл түүний дотны найз Чой Сүн Силийг солонгосчуудын ихэнх нь мэддэггүй байв.

Тэрээр тодорхой албан тушаалгүй мөртлөө төрийн хэрэгт оролцож, ерөнхийлөгчийн хэлэх үгийг хүртэл хянаж, засварладаг байсан гэдэг. Чой бас охиноо Сөүлийн нэр хүндтэй их сургуульд ерөнхийлөгчийн нөлөөг ашиглан элсүүлсэн нь илэрсэн юм. Зөвхөн энэ буруутай үйлдэлдээ тэр 3 жилийн хорих ял сонсоод байв.

Морин спортоор хичээллэдэг охиныхоо Германд амьдрах, бэлтгэл хийх зардлыг Самсунг зэрэг Өмнөд Солонгосын томоохон компаниудаар төлүүлж байсан нь мөн илэрсэн юм. Үүнтэй холбоотойгоор Самсунгийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён бараг жил орчим хугацаанд шалгагдаж байгаад давж заалдах шүүх хурлын шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт суллагдсан.

Давж заалдах шатны шүүх Ли Жэ Ёныг экс ерөнхийлөгчийн найздаа туслуулах хүсэлтийг няцаах аргагүй байсан гэж дүгнэсэн юм. Гэхдээ тэр 3.6 тэрбум воны авлига Чой хатагтайн охины бэлтгэлд зориулж өгсөн хэргээр тэнсэн харгалзах ялтай суллагджээ.

Ерөнхийлөгчийг гартаа оруулсан Чой Сүн Силийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд 20 дугаар зууны эхээр Оросын эзэн хаанд нөлөөлж байсан шидтэн Распутинтай зүйрлэж байсан юм. Чой Сүн Силийн эцэг христийн номлогч, шашны нэгэн урсгалын тэргүүн байсан бөгөөд Пак Гын Хэг бага байхад багш, хүмүүжүүлэгч нь байсан гэдэг.

 

Эх сурвалж: Associated Press