Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Прокуророос иргэн н.Энхбат, н.Жаргал нарын Б.Хурцтай холбоотой гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу ирсэн"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр тайлангийн хурал хийж, мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал зэрэгтэй холбоотой өргөдөл байнгын хороонд ирээгүй. Харин Б.Хурцтай холбоотой асуудлаар хэдэн иргэдээс өргөдөл ирсэн. Эдгээр өргөдөлд маш нухацтай хандсан.

Ингээд манай байнгын хороо ерөнхий прокурорт хандаж, иргэдээс ирсэн өргөдөлд дурдагдсан асуудлууд хуулийн дагуу байна уу? Б.Хурц гэдэг хүнд үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авах талаар маш тодорхой албан бичиг явуулсан. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн албан бичгийн хариу сая ирсэн. Албан бичгийн хариуд н.Энхбат, н.Жаргал нараас гарсан гомдол хүсэлтийг харьяаллын дагуу хүлээн авлаа гэсэн байсан. 

Ингээд нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх н.Баярмагнай гэдэг хүнээс Б.Хурц нь өс хонзонгийн болон бусад хувийн сэдэлтэйгээр н.Энхбат, н.Жаргал нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-р зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул н.Энхбат, н.Жаргал нарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргагч нарт хариуг үүгээр мэдэгдлээ гэсэн байсан.

Энэ асуудлын араас бид хариуцлагатайгаар хөөцөлдөж байгаа. Үнэн зөв нь тогтоогдох болов уу? гэж бодож байна. Шүүх, прокурор, АТГ-д хүнийг ялгаварладаггүй байх, аливаа асуудалд шударгаар ханддаг байх талаар бидэнтэй хамтарч ажиллаарай гэсэн хүсэлтээ хэлсэн байгаа" гэлээ.