Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

БНАСАУ-тай тамирчин солилцох тохиролцоонд хүрчээ

ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн БНАСАУ-ын спорт, соёлын сайд болон Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Ким Ил Гүктэй уулзалт хийлээ.

Ноён Ким Ил Гүг жүдо, чөлөөт бөх зэрэг бөхийн спортын төрлүүдэд дэлхийн хамгийн хүчирхэг шигшээ багийг бүрдүүлсэн Монгол Улсын амжилтанд баяр хүргэж, туршлага судлан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Д.Загдсүрэн Пёнчан 2018 наадамд тамирчдаа илгээн, сайн зохион байгуулалттай оролцож байгаад нь талархал илэрхийлэн, хүндийг өргөлт, ширээний теннис, гимнастик зэрэг өндөр амжилт үзүүлдэг спортын төрлүүдээр багш, дасгалжуулагч солилцох боломжтой гэж үзэж байгаагаа дуулгав.

Уулзалтын хүрээнд 2 тал ҮОХ-дын хооронд допингийн эсрэг, спортын менежмент, багш дасгалжуулагчдын сургалт, тамирчин солилцоо, хамтарсан тэмцээн зохион байгуулах үндсэн чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг зурах тохиролцоонд хүрлээ.

“ПЁНЧАН 2018” НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

МҮОХ-ны төлөөлөгчид өчигдөр Пёнчан 2018 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч И Хе Беом тэргүүтэй удирдлагуудтай уулзалт хийлээ.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж, тамирчид болон албаны хүмүүсийг тав тухтай байлган, спортын уралдаан тэмцээнийг дэлхийн хэмжээний стандартад нийцүүлэн явуулж байгаад нь тус хамт олонд баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.

Ноён И Хе Беом энэ үеэр Олимпийн хөдөлгөөнийг сурталчлан таниулах үйлсэд тууштай хүчин зүтгэж, энэхүү наадамд тамирчид, багаа илгээсэн Монголын шигшээ багт талархал илэрхийлэн, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгажээ.

 


Эх сурвалж: МҮОХ