Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Сүхбаатар дүүргийн Монгол хэлний шилдэг сургуулиуд

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон Монгол хэлний олимпиад хоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд 16 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад дүүргийн 33 сургуулийн 353 сурагч оюун ухаанаа уралдуулж, эхний 9 байр эзэлсэн сурагчид ангилал тус бүртээ нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авсан юм.

2018 оны олимпиадын гол онцлог нь 9 дүгээр ангийн сурагчид анги хамт олноороо оролцжээ. 30 гаруй анги өрсөлдсөн энэ төрөлд
1.“Сант” сургууль
2. 11 дүгээр сургууль
3. 1 дүгээр сургууль оров.
 

Харин багийн нийлбэр дүнгээр XI, “Сант”, “Үй Цай” сургуулийнхан тэргүүллээ. 

Олимпиадыг зохион байгуулагч 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал “Олимпиадад оролцсон хүүхдүүдийн түвшин жил ирэх бүр сайжирч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, бичгийг заавал өгөх ёстой болсон учир сүүлийн жилүүдэд монгол хэлний сургалтад илүү анхаардаг болсон. Сурагчдын алдаагүй бичих, ном унших чадвар сайн болж байгаа нь харагдаж байна” гэдгийг онцолж байв.

"Монгол хэлний хичээл дээрээ би үнэхээр чөлөөтэй сэтгэж чаддаг"

Бид хамт олноороо тэргүүн байр эзэлсэн багш, сурагчидтай уулзсанаа хүргэж байна.

 

“Сант” сургуулийн 9а ангийн сурагч Ц.Амина “Анги хамт олноороо амжилт гаргах сайхан байна. Энэхүү олимпиадад өндөр амжилт үзүүлсэн нь багшийн маань ач. Мөн манай ангийн 31 хүүхдийн хүч хөдөлмөр шингэсэн байгаа.

Монгол хүн бүр эх хэлээ төгс эзэмшиж, баялгийг нь зүрхэндээ мэдрэх хэрэгтэй гэж би боддог. Монгол хэлний хичээл дээрээ би үнэхээр чөлөөтэй сэтгэж чаддаг. Өөрийнхөө хүссэн зүйлийг үгээрээ илэрхийлэх нь гайхалтай” гэв.

 

Монгол хэл, бичгийн багш Я.Янжиндулам “Юун түрүүнд сурагчдын суурь мэдлэгийг маш сайн тавих хэрэгтэй. Энэ ч утгаар нь 1-3 дугаар ангид нь зөв бичиж, найруулах чадварт нь их анхаарсан. Харин дунд ангид нь монгол бичгийн хичээл орж эхлэхэд бүх хүүхдийг уншуулж, бичүүлж сургасан. Суурь сайтай байсан учраас манай сурагчид нэг сарын дотор бэлдэж ийнхүү амжилт гаргалаа” гэв.

 

9а ангийг удирдсан багш Ж.Баясгалмаа “"Сант" сургууль хүүхдийг хөдөлмөрч, хичээнгүй, хамт олонч болгох зорилготой байдаг. Олимпиадад ангиараа оролцож жигд амжилт гаргана гэдэг бол хамт олны бүрдэл сайтай, багаар ажиллаж сурсан, нэг нэгэндээ тусалж дэмжсэн сэтгэлийн илрэл болов уу гэж би бодож байна” гэв.

"Монгол хэлэндээ сайн байх нь англи хэлээ сайн сурахад ч их чухал нөлөөтэй"

Ганцаарчилсан төрөлд амжилт гаргасан зарим сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

 

XI дүгээр сургуулийн 10б ангийн сурагч А.Анужин “Монгол хэлний хичээл надад сонирхолтой байдаг. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэлний шалгалт заавал авдаг учраас их хэрэгтэй гэж үзсэн. Цаашид хот болон улсын олимпиадад оролцохоор бэлдэж байгаа.

Монгол хэлэндээ сайн байх нь англи хэлээ сайн сурахад ч их чухал нөлөөтэй. Ялангуяа эх бичихэд монгол хэлээрээ сайн бичдэг бол англи хэлээр бичихэд амархан байдаг” гэв.

 

“Сант” сургуулийн XI дүгээр ангийн сурагч Б.Эрхэс “Дүүргийн олимпиад их өрсөлдөөнтэй явагдлаа. Нэгдүгээр байранд орсондоо баяртай байна. Жилийн хугацаанд бэлдэж түрүүллээ. Монгол хүн монгол хэлээрээ зөв бичиж, зөв ярьдаг байх ёстой гэж боддог” гэв.

 

31 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн сурагч Э.Анирлан “Би Монгол хэлний хичээлдээ маш их дуртай. Багш маань хичээлээ сонирхолтой заадаг. Бас намайг энэ олимпиадад анх оролцохыг зөвлөсөн. Цаашид хот, улсын олимпиаддаа амжилттай оролцохыг хүсэж байна” гэв.

Ийнхүү Сүхбаатар дүүрэгт Монгол хэлний сургалтаараа тэргүүлж буй сургуулиуд тодорлоо. Монгол хүн эх хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж сурах нь суурь боловсролын хамгийн чухал шат билээ. Эх хэлнийхээ боловсролыг тэргүүнд тавьж, монгол хэл, бичгээ төгс эзэмшихийн төлөө хичээн суралцаж буй сурагчиддаа өндөр амжилт хүсье!
ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Г.Өнөболд
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.