Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн “like” дарангуйлагчийн хүчтэй зэвсэг болж байна гэж үзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Камбожийн ерөнхий сайд Хун Сен

Өнгөрсөн долоо хоногт Камбожийн сөрөг хүчний удирдагч Калифорний шүүхэд Фэйсбүүк компанийн эсрэг өргөдөл гаргаж, тус улсын дарангуйлагч ерөнхий сайдын сошиал сүлжээнд явуулж байгаа ажиллагааны тухай мэдээллийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Тэр ерөнхий сайд Хун Сенийг фэйсбүүк сүлжээнд их хэмжээний “like” худалдан авч, өөрийн нэр хүндийг зохиомлоор өсгөж байна гэж буруутгажээ.

Өргөдөл гаргасан Сам Райнси ерөнхий сайдаа “улс төрийн дайснуудаа айлган сүрдүүлэх, худал мэдээлэл тараах, дэглэмийнхээ нэр хүндийг зохиомлоор өсгөх зэрэгт Фэйсбүүк сүлжээг ашиглаж байна” гэсэн байна.

Хун Сений талынхан “like” цуглуулах ферм ажиллуулж, худалдаж авах ажиллагааг эрчимтэй явуулдаг гэнэ. Жишээ нь Камбожийн ерөнхий сайдын хуудас одоогоор 9.4 сая “like” цуглуулаад байгаа. Гэтэл Камбожид 4.8 сая хүн л фэйсбүүк сүлжээг ашигладаг гэнэ. Үлдсэн олон сая “like” нь Энэтхэг, Филиппин, Бразил, Мьянмар зэрэг кхмер хэл огт хэрэглэдэггүй улс орнуудаас бий болсон байгааг өргөдөлд өгүүлжээ.

Мөн Камбожийн засгийн газар “like”-ын тоогоо нэмэгдүүлэхийн тулд өдөрт $15,000-ыг Фэйсбүүк компанид төлж байсныг батлах баримтыг хавсаргасан байна. Райнси нь Хун Сений хуурамчаар нэр алдар олж авч байгаа энэ ажиллагааны талаар мэдэгдэл хийсний улмаас хавчигдаж, улс орноосоо дүрвээд байгаа юм.

Одоо тэр Фэйсбүүк компаниас засгийн газрынхаа худалдаж авсан сурталчилгааны тайланг гаргуулж, өөрийгөө өмгөөлөх гэж байгаа ажээ. Хун Сен 30 орчим жил Камбожийг удирдаж байгаа ба сүүлийн жилүүдэд өөрийн сурталчилгааг Фэйсбүүк сүлжээнд эрчимтэй явуулах болсон байна. Камбожийн энэ хэрэг нийгмийг улс төрийн хувьд төөрөгдөлд оруулдаг хэмээн буруутгагдаж байгаа Фэйсбүүк компанийн хувьд бас нэг хүнд сорилт болж байна.

 

Эх сурвалж: Quartz