Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Москвагийн ойролцоо онгоц осолдож, 71 хүний амь үрэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Москвагаас Оренбург мужийн Орск хотыг чиглэн хөөрсөн Саратов Айрлайнз компанийн АН-148 онгоц осолдож, 65 зорчигч, нисэх багийн 6 ажилтан амиа алджээ.

Москвагийн Домодедово дахь агаарын хяналтын төв уг онгоцыг хөөрснөөс нь хойш хэдхэн минутын дараа холбоо тасарсан байна. Онгоцны нисэх багийнхантай холбоо тасарч, онгоц радарын дэлгэцнээс алга болжээ.

Онгоцны сэг Москвагийн ойролцоох тосгодын дунд томоохон талбайд цацагдсан байсныг дараа нь илрүүлсэн байна. Ням гарагийн орой ОХУ-ын онцгой байдлын яам амиа алдсан 71 хүний нэрсийг гаргажээ. Тэдний дотор 3 хүүхэд, Швейцарь, Азербайжан, Казахстаны 3 иргэн байсан гэнэ.

Осолдсон онгоцны ахмад Валерий Губанов нь 5,000 цагийн нислэг үйлдсэн туршлагатай нэгэн байсныг авиа компаниас нь мэдээлжээ. Нисэх онгоцны засвар үйлчилгээг сүүлд гүйцэтгэсэн хоёр техникч мөн онгоцонд явж байсан байна.

Онгоцны хар хайрцгийг олж, ослын шалтгааныг тодорхойлох ажил эхэлсэн гэнэ. Одоогоор нисэх багаас гэмтлийн талаар төвд мэдээлсэн баримт олдоогүй байна. Нислэгийн үед Москва орчимд цаг уурын нөхцөл хэвийн байжээ.

АН-148 нь хос хөдөлгүүртэй, дунд оврын онгоц бөгөөд Украины Антонов Корпорацид 2000-аад оны эхээр үйлдвэрлэгдсэн байна. Дотоодын богино зайн тээвэрт зориулагдсан АН-148-ыг 2004 онд туршиж, 2009 оноос ашиглаж эхэлжээ. Энэ удаагийн осол нь тус загварын онгоцны хувьд хоёр дахь нь юм. 2011 онд Оросын Белгородын хязгаарт туршилтын нислэг үйлдэж байгаад осолдоход нисэх багийн зургаан хүн амь үрэгдсэний хоёр нь Мьянмарын нисэхийн сургуулийн сонсогчид байжээ.

 

Эх сурвалж: Russia Today