Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цусны даралт ихсэлтийн эсрэг аян

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монголын төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болоод байна. 

Тиймээс П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, "ХААН Банк Сан"-тай хамтран "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг өнгөрсөн оноос эхлэн зохион байгуулж байгаа билээ.

Аяны хүрээнд хамтрагч талууд бүх төрлийн сувгаар дамжуулан цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт зохион байгуулах, орон даяар өргөн цар хүрээтэй үзлэг оношилгоо хийх болон ХААН Банкны тухайлсан нэгжүүдээр дамжуулан цусны даралт хэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Энэхүү аяны үр дүн, хэрэгжилтийн талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, Зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очиртой ярилцлаа.


"Аяны хүрээнд төлөвлөгдсөн үйл ажиллагаа 100 хувь хэрэгжсэн"
 

-"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ы талаар танилцуулаач. Яагаад заавал ХААН Банк Сантай хамтарч энэхүү аяныг хэрэгжүүлэх болсон бэ?

-Монгол Улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь цусны эргэлтийн тогтолцоо буюу зүрх судасны өвчин болоод байна. Үүн дотроо цусны даралт ихсэх өвчнөөс шалтгаалсан тархины цус харвалт, зүрхний шигдээсийн өвчлөл, нас баралт өндөр байна. Статистик тоо мэдээллээр манай улсад 6 хүн тутмын нэг нь хорт хавдраар, 3 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна. 

ДЭМБ-ын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд цусны даралт ихсэх өвчнөөр хамгийн өндөр тархалттай, эрсдэлтэй орны тоонд Монгол ордог.

Тиймээс Улсын III төв эмнэлэг нь үндэсний хэмжээнд олон нийтийг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн боловсрол, сургалт, сурталчилгааг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын зөв хэвшилд суралцах, мэдлэг боловсрол олгоход онцгой үүрэгтэй ажиллах ёстой. 

Мөн нийгмийн хариуцлагаа хамгийн өндөр ухамсарласан, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулдаг, хамгийн олон харилцагчтай байгууллага яах аргагүй Хаан банк учраас санал тавьсан. Ингээд бид ХААН Банк Сантай хамтран өнгөрсөн оны хоёрдугаар сараас Улаанбаатар хотын хэмжээнд Цусны даралт ихсэлтийн эсрэг аянаа эхлүүлсэн.

-Аяны хүрээнд ямар  ажлуудыг хийсэн бэ?

-Төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын 4 том дүүрэгт Эрүүл мэндийн булангууд нээн ажиллуулсан. Тодруулбал, хүн амын суурьшил ихтэй бүс болох БГД-ын 4 хороололд байрлах ХААН Банкны Баруун хүрээ, УБ хотын захын гэр хорооллын бүсэд байрлах Дамба, Амгалан, Сонгинохайрхан тооцооны 4 төвүүдэд “Цусны даралт ихсэлтээс сэргийлэх”  буланг нээж, автомат даралт хэмжигч аппаратыг суурилуулсан. 

Энэ нь иргэд банкаар үйлчлүүлж байх үедээ эрүүл мэндээ хянах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Бид ХААН Банкны 76 орчим ажилтнуудыг эрүүл мэндийн анхан шатны сургагчаар бэлтгэсэн. Тэд цусны даралтаа үзсэн иргэдэд анхан шатны зөвлөгөөг өгч ажиллах байна.

Мөн аяны хүрээнд, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлуудыг явуулсан. Тухайлбал, жил бүрийн есдүгээр сарын 29-нд Дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр бид “ХААН Банк Сан”, “Монголын Зүрхний нийгэмлэг”, “НЭМГ”-тай хамтран төв талбай дээр “Эрч хүчээ хуваалцъя” уриан дор өдөрлөг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд нийт 4,000 орчим иргэд, үйлчлүүлэгчид оролцсон. ШУГТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдээс гадна Нийслэлийн 6 дүүргийн эмнэлэг хамтран үзлэг, илрүүлгийг хийсэн.

Зүрхний эмгэг, цусны даралт ихдэлтийн үед хэрэглэх шаардлагатай хоол хүнс, ил болон далд давс, давсыг орлуулан хэрэглэхэд тохиромжтой хүнсний бүтээгдэхүүний тухай үзүүлэнгүүд байршуулан сурталчилсан. Амталгааны 3 шүүсийг  хэрхэн бэлтгэх арга заавар, давсны хэрэглээний тухай зөвлөмж  тус тус 500 ширхгийг иргэдэд түгээж, мэдээлэл хүргээд байна.

Түүнчлэн, хүн амын эрүүл мэндийн боловсролд зориулсан сурталчилгааны материалаа жижигхэн зурган комик ном байдлаар гарган аяны сурталчилгааны гол материал болгон тарааж байна. Энэ номоос цусны даралт ихсэх өвчин гэж юу вэ, ямар эрсдэлтэй, хэрхэн хянаж, шинжлэх боломжтой гээд бүгдийг мэдэх боломжтой. Энэ нь ард иргэдэд сургалт, сурталчилгаа болох зорилготой юм.

Мөн цусны даралт ихсэх өвчний гол хүндрэл болох тархины харвалт, зүрхний шигдээсийн эрсдэлээс сэргийлэх бичлэгүүдийг хийж олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулж түгээсэн. Цусны даралт ихсэлтийн эсрэг сурталчилгаанд интернэт болон нийгмийн сүлжээг өргөн ашиглаж байна.

-Аяны үр дүн хэр байна вэ?

-ХААН Банкны 4 тооцооны төвд 3 сарын туршилтын хугацаанд цусны даралт ихсэлтээс сэргийлэх булангаар үйлчлүүлж буй иргэд шинэлэг сайхан үйлчилгээ байна гэж тооцооны төвийн ажилтнуудад талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна. Ялангуяа 40-өөс дээш насны иргэд үйлчлүүлэгчид даралтаа их үзүүлдэг нь ажиглагдсан.

4 тооцооны төвд даралтаа хэмжүүлж буй иргэд нэг хэмжилтээр даралтаа хэмжээд, цаасан баримтаа аваад явчихдаг учраас нийт үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй бага гарсан. Гэвч тухайн тооцооны төвүүдээр  үйлчлүүлдэг иргэд цусны даралтаа хэрхэн зөв хэмжих, 140/90 дээш даралттай бол эмчид заавал хандах хэрэгтэй байдаг юм байна гэдэг ойлголтыг мэдэж авч, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ  зүрх судасны эмгэг, харвалт шигдээсийн эрсдэлээс хамгаалахад  асар их тустай үйлчилгээ болсон байна.

-Цаашид танай эмнэлгийн зүгээс ХААН Банк Сантай хамтран ажиллах төсөл, төлөвлөгөө байгаа юу?

-Бид анх удаа ХААН Банк Сантай хамтарч аян хэрэгжүүлж, амжилттай өндөрлөж байна. Төлөвлөгдсөн үйл ажиллагаа 100 хувь хэрэгжсэн гэж үзэж байна. Нийгэмд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх, цусны даралт ихсэх өвчин ямар хор хөнөөлтэйг тогтмол ОНМХ-ээр цацаж, хэвшүүлсэн гэж дүгнэж байна.


"Өөх тос, давс, сахар ихтэй хоол хүнс хэрэглэснээр цусны даралт ихэсдэг"

Цусны даралт ихсэлтийн эсрэг аян нь нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн талаар эмнэлгийн дарга ийнхүү ярилаа. Харин Цусны даралт ихсэх гэдэг нь чухам ямар өвчин болох, ямар эрсдэл дагуулдаг талаар бид Улсын III төв эмнэлгийн Тархины харвалт, зүрхний шигдээсийн эмнэл зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяагаас дараах зөвлөгөөг авлаа.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ гэж юу вэ?

Цуснаас судасны хананд үзүүлэх даралт нэмэгдэхийг ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ гэдэг. 

 

Цусны даралт ихэссэнийг хэрхэн мэдэх вэ?

Цусны даралтыг хэмжих нь хамгийн үр дүнтэй, найдвартай арга юм. Хэмжилтээр дээд даралт 140 мм МУБ  буюу түүнээс  дээш, эсвэл доод  даралт 90 мм МУБ буюу түүнээс дээш байвал ТАНЫ ЦУСНЫ ДАРАЛТ ИХЭСЖЭЭ гэж үзнэ.

Хэрэв дараах шинж тэмдэг ойрхон давтамжтай илэрвэл эмчид заавал үзүүлээрэй. Үүнд:

  • Толгой өвдөх, эргэх
  • Хүзүүгээр хөших
  • Нүд эрээлжлэх
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Зүрх, дэлсэх, өвдөх, амьсгаадах 

Цусны даралт ихсэлт юунаас үүдэлтэй вэ?

  1. Өөх тос, давс, сахар ихтэй хоол хүнс хэрэглэх
  2. Хөдөлгөөний дутагдал
  3. Илүүдэл жин
  4. Тамхи татах
  5. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
  6. Сэтгэл зүй, нийгмийн дарамт 
  7. Удамшил (хамаатан саданд нь цусны даралт ихэсдэг хүн байх)
  8. Чихрийн шижинтэй
  9. Нас ахих тусам
  10. Бусад эрхтэн тогтолцооны эмгэг, өвчтэй байх (жишээ нь: бөөрний эмгэг )
Хүүхэд өсвөр наснаасаа эдгээр зүйлсээс сэргийлж, анхаарвал ирээдүйд ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ өвчнөөс сэргийлж, энэ өвчнөөр өвчлөх эрсдэл буурна.
ЦУСНЫ ДАРАЛТАА ХЭМЖИХ ЗӨВ БАЙРЛАЛ
 

Хэмжилт эхлэхээс өмнө заавал 3-5 минут тайван байх шаардлагатай. Сандал дээр суугаад тайвширч ямар нэг зүйлд өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй. Эс тэгвээс даралт хиймлээр өсөх магадлалтай болдог.

Эмнэлгийн орчинд даралтыг ихэвчлэн булчинд хийлэгддэг ханцуйвчийн тусламжтайгаар эмч гүйцэтгэдэг бол харин гэрийн нөхцөлд хэмжилтийг электрон даралтын аппарат нь өөрөө хэмждэг. Аппаратыг булчин эсвэл бугуйнд байрлуулна. Бугуйн хэмжилтийн үед электрон аппарат нь таны судасны цохилтыг мэдрэхээр байрласан байх шаардлагатай.

Хэмжилтийн үед анхаарах нэн чухал зүйл бол хэмжилт хийж буй цэг нь таны зүрхний түвшинтэй ижил түвшинд байх шаардлагатай. Булчингийн хэмжилтийн үед энэ нь голдуу шууд биелдэг бол бугуйн хэмжилтийн үед тохойгоо ширээн дээр тулж бугуйгаа бага зэрэг өргөх шаардлагатай болдог. Хэрэв булчингийн хэмжилт хийж байгаа бол гараа өргөх шаардлагагүй.

  • Эхлээд 2-3 удаа гүнзгий амьсгална
  • Нуруугаа тэгшилж сууна (урагш тонгойвол таны гэдэс шахагдан цусны даралт өндөр хэмжигддэг).
  • Даралт хэмжигч аппаратын тохойвч дээр тохойгоо байрлуулна. Гар оруулах зориулалтын хэсэгт баруун гараа бугалганы түвшинд хүртэл гүн шургуулна.
  • Таны гарын бугалга ба зүрх ижил түвшинд байрлах ёстой (гарын бугалга зүрхнээс дээр түвшинд байрлавал газрын татах хүчний нөлөөгөөр цусны даралт бага хэмжигддэг).
  • Суудлын өндрөө тохируулан, хөлийн улаар шалан дээр бүтэн гишгэж сууна
ЦУСНЫ ДАРАЛТ БУРУУ ХЭМЖИГДЭХ НӨХЦӨЛ
  • Ханцуйгаа шамлах 
  • Хөлөө сандал, эсвэл ширээний хөндлөвч дээр тавих
  • Бариу хувцас өмсөх (хоолойтой цамц/свитер)
  • Алхаж, эсвэл дасгалын дараа цусны даралтыг шууд хэмжих
  • Гараа тохойвчин дээр буруу байрлуулах
  • Урагшаа тонгойх
  • Тасалгаа хэтэрхий хүйтэн байх

Товч дарахад аппарат ажиллан таны бугалгыг шахаж цусны даралтыг хэмжинэ. Энэ үед өвдөлт, таагүй байдал мэдрэгдэхгүй тул та тайван хүлээх хэрэгтэй. Хэмжилт дууссаны дараа жижиг цаас хэвлэгдэн гарна.  Цаасны дээд талд гарсан тоо цусны дээд даралтыг, дунд тоо цусны доод даралтыг, хамгийн доод тоо нь 1 минутад агших зүрхний цохилтын тоог тус тус заана.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.