Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны дүүтэй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч анх удаа гар барин мэндчиллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн Олимпийн нээлтийн үеэр Өмнөд ба Хойд Солонгосын удирдагчид анх удаагаа нүүр тулж, гар барин мэндэлцгээлээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон, тус улсын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга, улсынхаа хоёрдугаар хүн гэгддэг Ким Ён Нам нар өчигдөр орой нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцсон юм.

Хоёр Солонгосын тамирчид нэг тугийн дор жагсан стадионд орж ирэхээс өмнө Ким Ё Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй гар барин халуун дотноор мэндчилжээ.

Тэрээр Солонгосын дайн дууссанаас хойш Өмнөдөд ирсэн Ким Ил Суны удмын анхны хүн болж байна. Хоёр Солонгосын удирдагч нар өнөөдөр буюу Бямба гарагт албан ёсны уулзалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.

Өчигдрийн мэндчилгээний үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс тэдний хажууханд сууж байлаа.

 

Пэнс Хойд Солонгосын төлөөлөгчдийн ахлагч Ким Ён Намтай гар барихгүй гэдгээ өмнө нь мэдэгдээд байсан юм.

Нээлтийн ёслолын өмнө Мүүн Жэ Ин хүндэт зочдод зориулсан хүлээн авалт зохион байгуулсан ба энэ үеэр тэдэнд нүүр тулах боломж гарсан байх ёстой. Гэвч сүүлд Пэнс энэхүү хүлээн авалтад оролцоогүй өнгөрсөн тухай мэдээлжээ.

 

Харин Японы ерөнхий сайд Шинзо Абэ энэ хүлээн авалтын үеэр Ким Ён Намтай мэндчилж, товч ярилцсан байна.

Энэ үед Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар, олон жилийн өмнө Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн талаар байр сууриа Ким Ён Намд илэрхийлсэн гэж Японы гадаад хэргийн яам мэдээлжээ. Харин хүлээн авалтын дараа зочид буудалдаа ирсэн Абэ “Би ярьсан зүйлээ та нарт дэлгэх боломжгүй. Гэхдээ өөрийн бодлоо илэрхийлж чадлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

2013 онд Абэгийн зөвлөх Исао Ижима Ким Ён Намтай уулзаж байсан юм. Харин Японы ерөнхий сайд хамгийн сүүлд 2004 онд Пёньянд айлчилж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider, Kyodo