Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: УИХ-ыг тараана хэмээн ярьж байгаа нь парламентын засаглалыг сулруулах ажил

Т.Өлзийбаяр, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Хуралдааныг хааж УИХ-ыг дарга М.Энхболд үг хэлсэн юм. 

Тэрбээр "УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж төлөвлөсөн ажлаа амжилттай хэлэлцлээ. Нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоолыг хэлэлцэж баталлаа.

Чуулганы хугацаанд 9 ажлын хэсэгт давхардсан тоогоор 70 гишүүн ажиллалаа. 28 байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн очиж танилцсан байна. 25 гишүүн 93 асуудлаар асуулга тавьсан байна. 

Эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэдэг, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт оруулдаг байдлыг УИХ халлаа. Малчдын тэтгэврийн насыг бууруулж, 393 мянган ахмадын тэтгэврийг нэмэгдүүллээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого баримтал ирсэн.

Агаарын бохирдлыг бууруулах ажил энэ жилийн чуулганы онцлох ажил байлаа. Агаарын бохирдлын эсрэг ажлын хэсэг байгуулаад байгаа. УИХ агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний УИХ-ын тогтоолыг баталлаа.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсвийн мөнгө үрсэн хүмүүст хариуцлага тооцох нь чухал гэж үзэж байна. Агаар орчны бохирдол зөвхөн Улаанбаатарынх биш аймгийн төвүүд зэрэг нийт суурин газруудын асуудал болоод байна. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах зэрэг агаарын бохирдлын эсрэг ажлуудыг орон нутагт үе шаттай явуулах шаардлага байна. 

Намрын чуулганаар бид төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах, төрийн албан хаагчийн ёс зүй үр дүнг үнэлэх талаар шинэчлэлийн томоохон ажлуудыг хийсэн гэж үзэж байна. 

2020 оноос эхлэн илүү цагаар ажилласан төрийн албан хаагч нэмэгдэл цалин авна. Манай улсын гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. 

Сүүлийн үед УИХ-ыг тараана хэмээн ярьж байгаа нь парламентын засаглалыг сулруулах ажил гэж хэлж болно. Эдийн засаг өсөж сэргэлт бий болж байна.

УИХ-ын ээлжит чуулган завсарлаж байгаа хэдий ч цаг үеийн шаардлагаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болзошгүйг хэлмээр байна" гэсэн юм.