Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо зун-өвлийн цагт шилждэг явдлыг зогсоохоор боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Европын парламент өөрийн гишүүн орнуудад нийтээр жилд хоёр удаа цаг урагшлуулж, хойшлуулдаг явдлыг зогсоох тухай асуудлаар санал хурааж, олонх нь дэмжжээ.

Жил бүрийн гурав ба аравдугаар сарын сүүлийн амралтын өдөр ингэж цаг шилжүүлдгийг зогсоохыг гишүүдийн 384 нь дэмжиж, 153 нь эсэргүүцсэн байна. Энэ үр дүнгээ Евро комисст хүргүүлж, судалсны үндсэн дээр цуцлах төлөвлөгөө боловсруулахыг даалгажээ.

2001 онд Европын Холбоо даяар зуны цагийн тоололд жил бүр шилжиж, буцаж байх хуулийг хэрэгжүүлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд ингэх нь эдийн засгийн үр дүнгүй, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хоцрогдсон арга гэх шүүмжлэл өрнөж, олон нийтээс зогсоох хүсэлт ирэх болжээ.

Хамгийн сүүлд Финландын 70,000 иргэний гарын үсэгтэй өргөдөл Брюссельд ирснээр асуудлыг авч хэлэлцэхэд хүрсэн юм.

Европын Холбооны хөршүүд болох Беларусь, Украйн, ОХУ улсууд зуны цагт шилжүүлдэг явдлыг хэдэн жилийн өмнө цуцалжээ.

 

Эх сурвалж: Russia Today