Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Газар хөдлөлтийн байдал намжтал Монгол оюутнуудыг Тайпэйд байлгаж байгаад буцаана"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тайванийн газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол иргэдийн талаар ГХЯ- консулын газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд "Тайванийн зүүн эрэгт энэ сарын 6-ны өдөр буюу Мягмар гарагт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ үйл явдлын дараа манай яаманд Тайваньд амьдарч буй монголчуудын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар олон асуулт ирсэн.

Орой 23:00 цагт болсон энэ явдал харамсалтай үр дүнг авчирлаа. Газар хөдлөлт болсон бүсэд манай улсын оюутнууд амьдардаг байсан. Оюутнуудтай холбогдох үйл ажиллагааг энэ сарын 7, 8-ны өдөр явууллаа. 

Гадаад Хэргийн Яамны Консулын газраас эрсдэл өндөртэй бүс нутгаас дөрвөн оюутныг шилжүүлэх ажлыг хийж, энэ сарын 8-ны өдрийн өглөө 08:19 цагт Тайпэйд авчирсан.

Үүний өмнө тухайн бүсэд байсан хоёр оюутан ирсэн байсан. Газар хөдлөлтийн давтамж аюулгүй гэж үзсэн бүсэд байсан оюутнуудыг нүүлгэн шилжүүлсэн. Тэнд байсан 13 оюутнаас 10-нь ирсэн. Гурван оюутан нь өөрсдийн саналаар их сургуульдаа үлдсэн байгаа.

Энэ оюутнуудтэй өнөөдөр бид 14:00 цагт видео уулзалт хийлээ. Бүгд эрүүл, аюулгүй газарт байна. Газар хөдлөлтийн байдал намжих хүртэл Тайпэйд байлгаж байгаад буцаана.

Зарим иргэд энэ нөхцөлд ГХЯ яаж ажиллав гэж асууж байна. Хилийн чанад дахь иргэдэд туслах сангаас холбогдох заалтын дагуу зохих хэмжээний зардлыг гаргасан. 

Энэ сарын 8-нд Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу ГХ-ны сайд тушаал гарган хөрөнгө мөнгийг шийдүүлснээр оюутнуудыг бүгдийг нь авчраад байна" гэлээ.


Хурлын дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Газар хөдлөлт намжтал гэж хэллээ. Ер нь цаг уурчид энэ талаар ямар тайлбар хийж байгаа вэ?

-Эхний өдрийн орой 15 минутын зайтай газар хөдлөлт болж байсан. Дараагийн өдөр нь ижил давтамжтай хөдөлсөн. Энэ сарын 8-ны өдөр газар хөдлөлт дахин гурван удаа хүчтэй давтагдсан тул өөрсдийн иргэдээ тухайн бүсээс хурдан нүүлгэн шилжүүлэх ёстой гэсэн шийдэлд хүрсэн. 

Цаг уурын онцгой нөхцөл үүссэн үед сайдын тушаалаар мөнгө шилжүүлдэг үү?

-Газар хөдлөлт болсон өдрийн орой 23:40 цагт унтаж байхад нь онцгой байдлын дохио дуугарч байрлаж байгаа газраас нь гаргахад зарим унтлагын хувцастай гарсан гэж оюутнууд ярьж байсан. 

Нэгдүгээрт ийм нөхцөл байдал тулгарахад оюутнууд өөрийн аюулгүй байдлаа хангах чадваргүй байна гэсэн үг. 

Тухайн их сургууль гадны оюутнуудыг сургах зөвшөөрөлтэй учраас оюутнуудаа хамгаалах үүрэг хүлээж байдаг. Үүнийгээ дагаад дотоод журамтай. Журмын дагуу аюултай нөхцөл тулгарах үед сургуулиудын дунд байрлах аюулгүйн талбайд цуглуулж, бүртгэл хийх ёстой.

Дараагаар нь хоргодох газар болж чадах бөх бат газарт оруулах ёстой байдаг. Хэрвээ хоргодох байрнаасаа гарах тохиолдол тулгарвал зөвшөөрлийн бичиг хийлгэж байж гаргадаг. 

Бидний зүгээс богино хугацаанд хүн явуулж авчруулах боломж цөөн байсан. Тиймээс тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцан тэдний тусламж дэмжлэгтэйгээр дөрвөн оюутнаа авчирсан.

Дараагийн хүмүүстэйгээ сүүлд холбогдоод найман оюутныг авчирч, хоёр оюутан нь одоо очиж яваа.

Харин үлдсэн гурван оюутантай төлөөлөгчийн газар холбоотой байгаа. Ямар нэгэн онцгой байдал үүсэж магадгүй тул бид бэлэн байдалтай байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/787982168054020/