Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улсын бүлгийн “Битлз” нэрээр алдаршсан гишүүдийг Сирид олзолжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

20 гаруй барьцааны хүнийг зэрлэгээр тамлаж, хөнөөсөн Исламын улс бүлэглэлийн хоёр гишүүнийг Сири дэх Курдын дайчид олзолсон тухай өчигдөр мэдээлжээ.

Александа Коти, Эль Шафи Элшэйх нар нь Британий иргэд бөгөөд хэлний аялгаар нь “Битлз” хэмээн нэрлэдэг байсан дөрвөл алуурчдын хоёр нь юм.

34 настай Коти нь Лондон хотын уугуул, Исламын шашинд сүүлд орсон хүн. 29 настай Эль Шафи Элшэйх нь 1990-ээд оны үед Суданаас цагаачилж ирсэн гэр бүлээс гаралтай юм.

“Битлз” дөрвөлийн ахлагч Мохаммед Эмвази буюу “Жихади Жон” гэгч 2015 онд агаарын довтолгоонд өртөж амиа алдсан байна. Тэрээр 2014-2015 онд Жэймс Фоли, Стивен Сотлоф зэрэг сэтгүүлчдийн толгойг авч буй дүрс бичлэгт оролцож, олны танил болсон нэгэн.

Харин дөрөв дэхь гишүүн Эйн Дэвис өнгөрсөн онд Туркэд баривчлагдаж, шийтгүүлсэн юм. Эрэн сурвалжлагдаж байсан Британий хоёр иргэнийг Евфрат мөрний өмнөд хэсэг, Сири-Иракийн хилээс АНУ-ын дэмждэг Курдын дайчид олзолсон байна.

Тэднийг нэгдүгээр сард баривчилж, дараа нь АНУ-ын тусгай хүчнийхэнтэй уулзуулж, хурууны хээ зэрэг биеийн шинж тэмдгүүдийг нь шалгаснаар “Битлз” дөрвөлийн үлдсэн хоёр этгээд болохыг тогтоожээ.

Тэд олзны хүмүүсийг тамлан зовоохоос гадна Британиас хэд хэдэн иргэнийг Исламын улс бүлэглэлд элсүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. Элшэйх 2012 онд Сирид очиж, тамлан зовоох арга техникээрээ зэвсэгт бүлэглэлийн дотор алдарших болсон тухай Британий тусгай алба мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian