Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны дүү 3 өдөр саатахаар Сөүлд ирлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дээд хэмжээний төлөөлөгчдийг тээвэрлэсэн тусгай онгоц өнөөдөр орон нутгийн цагаар 1:47 цагт Сөүлд газардлаа.

Энэхүү онгоцоор Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон ирсэн нь Кимийн гэр бүлийнхнээс Өмнөд Солонгост хөл тавьж байгаа анхны тохиолдол болж байна.

1950-1953 онд болсон Солонгосын дайнаас хойш тэдний хэн нь ч Солонгосын хойгийн өмнөд хэсэгт ирж байгаагүй юм.

 

Төлөөлөгчдийг Хойд Солонгосын хоёрдугаар хүн Ким Ён Нам ахалж байгаа. Төлөөлөгчид Өмнөд Солонгост гурван өдөр саатаад Ням гарагт буцах юм.

Нисэх онгоцны буудлыг 800 орчим цагдаа, цэргээр хамгаалуулжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин маргааш Ким Ё Жонтой өдрийн зоог барих тухай мэдээлэл тараад байна. Ким Ё Жон энэ үеэр ахынхаа урилгыг ерөнхийлөгчид гардуулж магадгүй гэсэн мэдээг CNN дамжуулжээ. Хэрвээ тэгвэл айлчлал ирэх наймдугаар сарын 15-нд буюу Солонгосыг Японы колоничлолоос гарсны ойн өдөр болж магадгүй талаар дипломат эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэ ойн өдрийг хоёр Солонгост хоёуланд нь тэмдэглэдэг юм. Хойд Солонгосын төлөөлөгчдийг хаана буулгах, ямар арга хэмжээнд оролцуулах төлөвлөгөөг Сөүлийн эрх баригчид нууцалж байна.

 

Эх сурвалж: Korea Times