Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Харааны бэрхшээлтэй 400 гаруй ахмадыг баярлууллаа

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан харааны бэрхшээлтэй 400 гаруй ахмадуудад тусламж үзүүлэх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

МХҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар "Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо сар шинийн баярыг тохиолдуулан ахмад гишүүдээ жил бүр хүлээн авч уулзан, тусламж өгдөг уламжлалтай. Үүний дагуу энэ арга хэмжээ зохиогдож байна. Энэ үйл ажиллагааг явуулахад тусламжийн гараа сунгаж байдаг олон аж ахуйн нэгж бий. 

Олон жил бидэнтэй тогтмол хамтран ажилладаг Д.Ганбаатар захиралтай "Макс" группийн хамт олон, Ж.Бат-Орших захиралтай "Миг" даатгал, Д.Нямдаваа ерөнхийлөгчтэй "Нью прогресс" групп, П.Цэнгүүн захиралтай "Алтан тариа" зэрэг байгууллагад талархсанаа илэрхийлж байна.

Улсын хэмжээнд 11,000 харааны бэрхшээлтэй хүн байдаг. Харин манай холбоонд 9,000 гаруй иргэд бүртгүүлсэн. Ер нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын түвшин нэлээд доогуур байдаг" гэлээ.

Энэ жил 400 гаруй ахмадад тусламж үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд "Макс" групп 14 дэх жилдээ оролцож байгаа юм. 

 14 жилийн хугацаанд 2,000 орчим ахмадыг баярлууллаа

 

"Макс" группийн Пи Ар менежер Г.Пэлжидмаа "Харааны бэрхшээлтэй ахмад, буурлуудыгаа сар шинийн баяраар сэтгэл тэнүүн баярлаасай гэсэндээ бид энэ тусламжийг үзүүлж байна. Манай групп 2005 оноос хойш энэ үйл ажиллагаанд оролцож, жилд 120 гаруй ахмадыг баярлуулж байна. 

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд нийт 2,000 орчим ахмадын сар шинийн баярын бэлтгэлийг нь базааж, хүнсийг нь бэлдэж өгсөн. Бидний зүгээс ахмадууддаа сүү, цагаан идээ, гурил, будаа, чихэр гэх мэт хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнээр бэлэг барьж байна. 

Цаашдаа ч гэсэн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтраад энэ ажлыг уламжлал болгон явуулах болно" гэлээ.

"Макс" групп нь Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт ч харааны бэрхшээлтэй ахмадуудад тусламж үзүүлдэг байна. Саяхан Дархан-Уул аймгийн иргэдэд тусламж үзүүлжээ. Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Дархан-Уул аймгийн НИТХ-ын дарга тус группд талархал бичиг хүргүүлсэнийг гардуулж өгсөн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.