Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тэмцлийн дүнд Иранчууд Пёнчанаас шинэ гар утастай буцахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост өнөөдөр эхэлж байгаа өвлийн олимпийн наадамд ирсэн 4,000 орчим тамирчид, төлөөлөгчдөд ивээн тэтгэгч Самсунг компани тусгай загварын Galaxy Note 8 ухаалаг гар утсаа бэлэглэхээр болсон билээ.

Гэвч дэлхийн улс орнуудаас зөвхөн Хойд Солонгос, Иран улсуудын тамирчдад энэхүү онцгой бэлгийг өгөхгүй болсноо зохион байгуулагчид зарласан юм. Үүнийгээ НҮБ-ын тавьсан эдийн засгийн хоригтой холбон тайлбарлаж байв.

Тэгвэл Иран улс энэ мэдээллийг хүлээж аваад тун их бухимдаж, Тегеранд суугаа Өмнөд Солонгосын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ. Мөн Ираны үндэсний олимпийн хороо Самсунг компанид хандаж шаардлага хүргүүлсэн байна.

Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф одоо Самсунгийн гар утсыг хэрэглэдэг бөгөөд хэрвээ шийдвэрээ буцаахгүй бол дахин хэзээ ч Самсунгийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй гэж Өмнөд Солонгосын элчинд хүргүүлсэн эсэргүүцэлдээ сүрдүүлжээ.

Энэ эсэргүүцэл амжилтанд хүрч, өчигдөр зохион байгуулагчид Ираны тамирчдыг бэлгийн гар утсаа эх орондоо авч харих боломжтой болсныг мэдээлсэн байна.

Харин Хойд Солонгосын тамирчид олимпийн наадмын үеэр хэрэглэж байгаад буцахдаа үлдээх ёстой болжээ. Иран улсаас Пёнчаны наадамд дөрвөн тамирчин оролцож байгаа юм.

Энэ хоёрдугаар сард Самсунг компани Тегеран хотын төвд шинэ дэлгүүрээ нээж байгаа ба 80 сая хүн амтай энэ улсын зах зээлд тэргүүлэх сонирхолтой байгаа.

Galaxy Note 8-ын $1,100-ын үнэтэй Олимпийн тусгай загварыг Ираны тамирчдад бэлэглэхээс татгалзсан нь “ёс зүйгүй”, “Олимпизмийн үзэл санааны эсрэг явдал” гэж Ираны гадаад хэргийн яам буруутгасан юм.

Ираны үндэсний олимпийн хороо мэдэгдэлдээ “Гар утас авах нь гол биш, манай тамирчдын нэр хүндэд халдаж байгаа нь асуудал юм” гэж тайлбарлажээ.

Тэд бас “Бидэнтэй Хойд Солонгос шиг харьцах нь буруу, манай эсрэг ямар нэг хориг арга хэмжээ аваагүй” гэж мэдэгдсэн байна.

Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой НҮБ-ын хориг 2015 онд болсон түүхэн тохиролцооны дараа цуцлагдсан юм. Гэвч АНУ, Европын Холбооны зарим эдийн засгийн хоригууд одоо болтол үйлчилж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty