Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн тусламжаас татгалзсан Тайвань улс Японы аврагчдыг хүлээж авчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Тайваний зүүн эрэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нурсан байшингаас хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 10, бэртсэн хүний тоо 272 хүрээд байгаа юм. Өчигдөр гамшгийн төв болсон Хуален хотод Японы аврах албаны долоон мэргэжилтэн туслахаар иржээ.

Одоогийн байдлаар долоон хүн барилгын нурангинд дарагдсан байгааг аврагчид хайж байгаа юм. Тэдний 5 нь нэг гэр бүлийн эх газрын хятад иргэд бөгөөд тэдний дотор 12 настай хүү байгаа гэнэ. Үлдсэн хоёр нь Канадын иргэншилтэй Хонг Конг хосууд ажээ.

Тэд бүгд Beautiful Stay зочид буудлын нурангинд дарагдсанд тооцогдож байна. Японы мэргэжилтнүүд нурангин дундаас амьд хүн хайх зориулалттай хамгийн орчин үеийн хоёр техниктэй ирсэн гэнэ.

Харин Япончуудыг ирэхийн урд өдөр эх газрын Хятад аврагчид илгээх санал тавьсныг Тайваний эрх баригчид хүлээж аваагүй юм.

Үүнийг Бээжин-Тайпэйн харилцаа муу байгаатай холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ Тайваний тал тус улсад аврах ажиллагаанд оролцох хүн хүч хангалттай байгаа тул Бээжингийн саналаас татгалзсан. Харин орчин үеийн технологийг нь ашиглахын тулд Япончуудыг ирэхийг зөвшөөрсөн гэж тайлбарлажээ.

Гэвч зарим ажиглагчид Бээжингийн тусламжийг хүлээж авах нь зөв байсан, ингэх нь талуудын харилцаанд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж шүүмжилсэн байна.

БНХАУ нь Тайваний арлыг өөрийн газар нутаг гэж үздэг бөгөөд 2016 онд Тайваний ерөнхийлөгчөөр тусгаар тогтнолын талын Цай Ин Вэн сонгогдсоноос хойш харилцаа нь эрчимтэй муудсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post