Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Колумб улс Венесуэлтэй залгадаг хилийнхээ хяналтыг чангатгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн гүн хямралд орсон Венесуэлийн иргэд олон мянгаараа цутгах болсон тул хөрш Колумб улс тус улстай залгадаг хилийнхээ хяналтыг чангатгах болсноо өчигдөр зарлажээ.

Өчигдөр Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос байдал хүнд байгаа хилийн харуулын цэгт зочлохдоо энэ шийдвэрээ зарласан байна.

“Колумб улс өнөөдрийнх шиг асуудалтай хэзээ ч тулгарч байсангүй” гэсэн Сантос шинэ арга хэмжээ нэвтрүүлснээр Венесуэлийн дүрвэгчдэд хил давах, Колумбид хууль бусаар амьдрахад хэцүү болно гэдгийг хэлжээ.

Одоогийн байдлаар Колумбид 600,000 венесуэлийн дүрвэгч байгаа нь зургаан сарын өмнөхөөс хоёр дахин өссөн дүн гэнэ.

Гэхдээ зарим хилийн боомт хотуудын удирдлагын тооцсоноор үүнээс ч их тооны дүрвэгч байгаа гэжээ. “Энэ бол эмгэнэл. Би ерөнхийлөгч Мадурод энэ бол таны бодлогын үр дүн гэж дахин дахин хэлмээр байна” хэмээн ерөнхийлөгч Сантос хэлсэн байна.

Венесуэлтэй залгадаг 2,200 км хил дагуу 2,000 цэрэг нэмж байрлуулах болсноо Сантос мэдэгдсэн юм. Мөн хоол хүнс, эм тариа авахаар ирсэн Венесуэлчуудад олгодог түр нэвтрэх эрхийг Колумбийн цагаачлалын алба дахиж олгохгүй болж байгаа гэнэ. Ийм эрхийг 1.5 сая Венесуэлийн иргэнд өнгөрсөн хугацаанд олгожээ.

Колумбийн нутаг дэвсгэрт байгаа бүх Венесуэлчууд засаг захиргаанд бүртгүүлэх шаардлага тавигдаж байна. Үүнээс гадна ойрын үед Венесуэл дүрвэгчдэд зориулж 2,000 хүнийг байрлуулах багтаамжтай хуаран байгуулахаар төлөвлөжээ.

Үүнийгээ Сантос тайлбарлахдаа Колумбчуудад хүнд цаг үе тохиолдоход Венесуэлчуудын үзүүлж байсан тусламжийн хариу гэсэн юм. Олон жилийн өмнө Колумбид дотоодын үймээн самуунтай байхад нэг сая гаруй иргэн нь Венесуэльд толгой хоргодож байжээ.

“Колумбичуудыг амьдрал хайж явахад Венесуэль улс өгөөмөр хандаж байсныг бид мартахгүй. Тиймээс бид Венесуэлчуудад ч хариу барих ёстой” гэж Сантос хэлсэн байна.

Колумб улс өнгөрсөн онд Венесуэлийн 25,000 иргэнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байжээ. Энэ хугацаанд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улс орондоо хүмүүнлэгийн гамшиг үүсээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гадаадаас тусламж авахыг эсэргүүцсээр байгаа юм.

Тиймээс Сантос түүнд хандаж “Хямралын эсрэг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ бол гадаадаас хүмүүнлэгийн тусламжийг авах юм” гэж хэлээд Мадурог бодлогоо өөрчлөхийг уриалжээ.

 

Эх сурвалж: Associated Press