Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны дүүтэй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч маргааш уулзана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин тус улсад анх удаагаа зочилж байгаа Кимийн гэр бүлийн гишүүн болох Ким Жон Уны дүү, 28 настай Ким Ё Жонтой маргааш буюу Бямба гарагт уулзахаар төлөвлөжээ.

Мөн Хойд Солонгосын бусад дээд албаны хүмүүс Пёнчаны өвлийн олимпийн үеэр болох энэ уулзалтад оролцох гэнэ. Хойд Солонгосын хүндтэй зочид өнөөдөр үдээс хойш Пёньянаас тусгай онгоцоор Өмнөд Солонгост ирж, орой нь өвлийн олимпийн нээлтэд оролцох юм.

Мүүн Жэ Ин өнөөдөр орой Пёнчанд ирсэн төрийн тэргүүнүүдэд зориулж зоог барих ба үүнд Хойд Солонгосын хоёрдугаар хүн Ким Ён Нам уригдаж байгаа гэнэ.

Харин зөвхөн хоёр Солонгосын удирдагч нарт зориулсан маргаашийн уулзалтад Ким Жон Уны дүү бүсгүй оролцохоор болжээ.

Түүнийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид Ким Жон Уны гараар бичсэн захидал, эсвэл мэндчилгээг нь амаар дамжуулах магадлалтай гэж Хөх ордны албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Хэрвээ тэгвэл Өмнөд Солонгос хариу болгож тусгай элчээ Пёньянд илгээх боломж нээгдэх юм. Улмаар хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт буюу Мүүн Жэ Ин, Ким Жон Ун нарын уулзалт болохыг үгүйсгэхгүй гэнэ.

Ким Ё Жон нь Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн Намын үзэл суртлын хэлтсийн даргын албыг хашдаг юм.

 

Эх сурвалж: Korea Times