Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: 33 их наяд төгрөгийн авлигын хэргийг өршөөснөөс болж "хар, саарал жагсаалт"-нд орсон

Б.Номин, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Чуулганы эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж УИХ хүлээж авахаар боллоо. Түүнчлэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооноос “Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид Үндэсний хороо улсын байцаагчийн эрх олгох” тухай заалтыг “Монголбанкны ерөнхийлөгч улсын байцаагчийн эрх олгож, цуцлах” болгон өөрчлөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна. Уг танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг баталлаа.

Дараа нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр гишүүд хэрхэн асуулт асууж, байр сууриа илэрхийлж байсныг тоймлон хүргэе.

Я.СОДБААТАР:

-Монгол Улсад байгаа гадаад иргэдийн хадгаламжийн хэмжээнд хяналт байгаа юу. Хадгаламжийн хүү өндөр байдгаас хамаарч манайд хадгаламж нэртэй мөнгө хүүлэлт их байгаа. Үүний цаана мөнгөний эх үүсвэрийг хянах тогтолцоо нь хэр байна вэ.

Мөн офшор дансны асуудлыг бид хоёр жил ярилаа. Монгол Улс гаднын орон руу гарч байгаа 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянадаг уу. Мөнгө хүүлэх зорилгоор орж ирж байгаа мөнгөн хэмжээг олон улсын байгууллага хараад сануулга өгч байна гэж ойлгож байгаа.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Одоо мөрдөж байгаа хуулиар бэлэн мөнгөний мэдээллийг авдаг. Гаднын орноос орж ирж байгаа 20 сая төгрөгөөс дээш бэлнээр хийсэн гүйлгээ, сэжигтэй гүйлгээний мэдээллийг авч байгаа. Харин хадгаламжийн мэдээлэл орж ирдэггүй. Гаднын орны иргэн Монгол Улсын иргэний нэр дээр мөнгө хадгалж, хүү авах асуудлыг одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд тодорхой оруулж өгсөн байгаа.

Ц.ДАВААСҮРЭН:

-Олон улсын байгууллагын зөвлөмжийг биелүүлдэггүй учир манайхыг хар жагсаалтад оруулах гээд байгаа юм байна лээ. Олон улсын байгууллагаас Монголбанкинд өгсөн зөвлөмжийг биелүүлэхгүй байна гэдэг маш их гомдол олон улсын байгууллагаас ирсэн байдаг. Энэ хууль дээр хамгийн гол анхаарах ёстой асуудал офшор юм. Гэтэл бид зөвхөн төрийн албан хаагчаар хязгаарласан.

Яг терроризм, мөнгө угаахтай холбоотой зүйл ээ ярихгүй байгаа болохоор өнөөдөр хар жагсаалт гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ хууль хэрэгжих эсэх дээр гишүүд өөрсдөө эргэлзэж байна. Хуулиас давсан эрх мэдэлтэй хүмүүс бий болчихсон байна. Ил луйвар хийсэн хүмүүстэй хариуцлага тооцохгүй бол дараагийн хулгайг нь дэмжээд байна гэсэн үг шүү.

Ц.НЯМДОРЖ:

-Энэ ажлыг хариуцсан хүмүүс ажлаа ном журмаар нь хийсэн бол Монгол Улс хар, саарал жагсаалтад орохгүй байх боломжтой байсан. Мөнгө угаахтай тэмцэх, хяналт тавих хоёр төрийн байгууллага бий. Монголбанкны дэргэд 2006 онд байгуулагдсан Санхүүгийн хяналтын алба, ТЕГ мөнгө угаахтай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн байгууллага.
Эдгээр хоёр байгууллагын хуучин удирдлагууд энэ үндсэн үүргээ биелүүлэхийн оронд зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг болоод олон жил болсон. Асуудал үүнд л байгаа.

Түүнээс манайд хангалттай хууль, хариуцсан байгууллага, албан тушаалтан байна. Хянадаг прокурор, шүүдэг шүүгч нь байна. Тэднийг зөв ажиллуулбал олон нийтийн бухимдал, гаднын байгууллагын шүүмжлэлээс холдох боломж цөм байгаа. Тэмцэх ёстой хүмүүс нь зохион байгуулагч нь болчихоор ажил яаж явах юм бэ. Асуудал үүнд л байгаа юм.

Ж.БАТЗАНДАН:

-“Эрдэнэт үйлдвэр’’-ийн 51 хувийн асуудал, “Жаст” группийн Ш.Батхүүгийн авсан зээл мөнгө угаалтын нэг хэлбэр юм байна лээ. Хувийн компани төрийн өмчийг барьцаалж зээл авахыг хуулиар хориглодог шүү дээ. 49 хувийг асуудлыг олон cap ярилаа. 27 настай хүүхдийн данс руу 400 сая ам.доллар нэг банкнаас хоёрхон өдрийн дотор орсон мөнгө угаалтын хэлбэр л байна лээ. Энэ олон офшорын асуудал мөнгө угаалтын хэлбэр.

Бүгдийг нь цэгцлэхгүй бол парламентын хэрүүл, маргаан чинь гудамжны тэмцэл болж хувирах нь ээ. Ажил явахгүй байна. “Багануур” компани чинь хулгайд алдагдаж байна. "МИАТ" ТӨХК-ын ТУЗ нь мэдээгүй байхад гурван сая ам.доллар гадагшаа шилжиж байна. “Мон атом”компаниас чинь эм үйлдвэрлэдэг компани руу 1.2 сая ам.доллар шилжсэн байна. Төрийн өмчит бүх компани дээр хулгай гарсан байна. Ард түмний өмч хулгайд алдагдаж дууслаа. УИХ онцгой арга хэмжээ авахгүй бол энэ ард түмэн босно. Энэ улсыг цэгцэл гэж 65 суудалтай МАН-д ард түмэн итгэл өгчхөөд байгаа.

Одоо ажилдаа ор. Алийн болгон бид бие биеэ муу, сайн хэлээд суух вэ. Одоо УИХ санаачилга гарга. Бид чадахгүй бол чаддаг хүмүүст нь ажлаа өгөөд явъя.

Х.НЯМБААТАР:

-Монгол Улс 2014, 2015 онд хар саарал жагсаалтад орох аюул нүүрлэсэн. Үүний гол шалтгааныг хууль хэлэлцэх явцад ярьсангүй. 2014, 2015 онд УИХ-аас Өршөөлийн тухай болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Эдийн засгийн өршөөл гэдэг нэрийдлээр 33 их наяд төгрөгийн авлига албан тушаалын хэргийг бүхэлд нь өршөөснөөрөө бид олон улсын байгууллагаас дохио авсан.

Цаашид эдийн засгийн өршөөл ялангуяа авлига, албан тушаалын хэргийг өршөөж уучилдаг буруу жишиг бүү гараасай. Энэ нь өөрөө манай улсыг гадаад ертөнцөөс таслах, гадаад төлбөр тооцоогоо нээлттэй байлгах боломжийг хумьсан үйлдэл болсон шүү. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам мөнгө угаах гэмт хэргийг өнгөрсөн онд Эрүүгийн тухай хуулинд шинэчлэн найруулж, томьёолсон. Ингэхдээ хэт ергөн агуулгаар томьёолсон. Цаашид олон улсын байгууллагатай хэлэлцэж ярилцаарай.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах УИХ-ын тогтоолыг баталлаа. Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Зураг