Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын бүх балетмейстерийн бүтээл нэг дор “АМИЛНА”

Өглөөний сонин
2018 оны 2 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

Бүжгэн жүжгээр дамжуулан хүмүүний гоо сайхны мэдрэмжийг хөглөж, оюун санааг цэнэглэж, цэнгүүлж байдаг хүмүүс бол балетмейстер. 55 жилийн ойтойгоо золгож буй Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт (УДБЭТ) энэ хугацаанд нийт 20 орчим балетмейстер ажиллаж байжээ.

Үүнээс 10 гаруй нь амьд сэрүүн байгаа бөгөөд цөөнгүй балетмейстер АНУ, Япон зэрэг гадны улсад ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Тус театраас тэдний мэргэжлийн онцлог, ур чадварыг сурталчлан таниулах зорилгоор хоёрдугаар сарыг балетмейстерийн cap болгож зарлажээ.

Энэ хүрээнд их сургуулиар явж, сонгодог урлагийг таниулан сурталчлах, Монголын бүх балетмейстерийн найруулсан бүтээлийг багтаасан гала концерт болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, оюутнуудтай уулзалт зохион байгуулах ажлыг төлөвлөжээ.

Бүжгэн жүжгийн мастеруудтай хийх уулзалт өчигдөр болж, УДБЭТ-ын үе үеийн балетмейстерийн төлөөлөл болон соёл урлагийн сэтгүүлчид, урлаг судлаач, шүүмжлэгч болон СУИС-ийн оюутнууд оролцсон юм. Тодруулбал, тус уулзалтад Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Б.Жамъяндагва, УДБЭТ-ын уран сайхны удирдагч соёлын тэргүүний ажилтан Б.Түвшинбат, Ерөнхий балетмейстер Б.Жаргал, УДБЭТ-ын туслах балетмейстер, хөтлөх найруулагч Ц.Чинзориг болон балетмейстер Р.Туяацэцэг, СУИС-д багшилж буй Г.Онон нар мэргэжлийн онцлог, балетын хөгжлийн талаар яриа өрнүүлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Б. Жамъяндагва: Урлаг бол соёлыг бий болгодог, хөгжүүлдэг нарийн шинжлэх ухаан

Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Б.Жамъяндагва “Товчхон хэлэхэд урлагийг дотор нь ардын, цэнгээний, сонгодог гэж гурван янзаар ангилдаг. Хүн өсөж бойжихдоо ардын урлагаар “хүмүүжиж”, хожим цэнгээний урлагаас зугаа цэнгэл мэдэрдэг. Харин сонгодог урлаг бол хүнийг ирээдүй рүү хөтөлдөг, хүн төрөлхтнийг хойноосоо дагуулж явдаг. Эрдэмтэн мэргэд “Урлаг бол агуу шинжлэх ухаан” хэмээн тодорхойлдог.

Мөн ЗХУ-ын нэгэн эрдэмтэн “Урлаг гэдэг тайлагдашгүй шинжлэх ухаан" гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөгийн төр засгийн удирдлагууд энэ шинжлэх ухааныг ойлгохгүй, тоохгүй байгаад тун их харамсаж байна. Түүнчлэн соёл гэдэг нэрийн дор урлагийг багтаадаг. Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байгуулагдаж байсан. Уг нь соёл урлаг гэж байх ёстой. Соёл, шинжлэх ухаан гэж холбож ярьдаг. Энэ дотор урлаг бас л байхгүй. 1960-аад онд Соёлын хороо бус Урлагийн хороо гэж байсан. Урлаг дотроо соёл нь багтаж байлаа. Учир нь урлаг бол соёлыг бий болгодог, хөгжүүлдэг нарийн шинжлэх ухаан юм. Хүн урлагаар өсөн бойжиж, жарган цэнгэж, соён гэгээрдэг.

Үүнээс гадна орчин үеийн урлаг гэж бий. Энэ чиглэл урсгалд тогтсон зүйл байхгүй эрэл хайгуул л явагдаж байдаг. Хөгжим, уран зураг, бүжиг бүгд адил эрэл хайгуул. Хүн төрөлхтөн сонгодог урлаг гэсэн агуу зүйлийг бий болгосон. Харин үүнээс илүү зүйлийг нээхийг тулд эрэл хайгуул явагдаж байдаг” гэв.

Б.Түвшинбат: Зарим алдагдсан бүтээлээ сэргээж чадахгүй байна

Түүний дараагаар УДБЭТ-ын Уран сайхны удирдагч, соёлын тэргүүний ажилтан Б.Түвшинбат “Сонгодог урлаг дотор балетын урлаг маш том байр суурь эзэлдэг. Энэ урлагт бие бялдар, гоо сайхан, хөдөлгөөн, дотоод сэтгэл, жүжиглэлт тэр бүхэн хөгжимтэй уялдаж байж бүжгэн жүжиг үүсдэг. Нэг ёсондоо “хэлгүй” жүжиг гэсэн үг.

Манай театр шинэ дарга, удирдлагатай болсон. Бид шинэ санаа дэвшүүлж, шинэлэг уран бүтээл хийх зорилго тавьсан. Социализмын үед төрөөс бүжгэн жүжгийг бодлогоор дэмжиж, хоёр жил тутамд 5-10 боловсон хүчнийг мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Москва, Ленинград, Киев, Ташкент зэрэг хот руу сургуульд явуулдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ ажил зогссон.

Харин энэ жил Путиний тэтгэлгээр суралцсан 11 хүүхэд ОХУ-аас сургуулиа төгсөж ирнэ. Манай театр сонгодог хэлбэрийн бүжгэн жүжгийн өөрийн тайзнаа амилуулахад бэлэн болсон. Дахиад 11 төгсөгч ирэхэд дэлхийн бүрэн хэмжээний бүжгэн жүжгийг тоглоход бэлэн болно. Мөн хүн хүч хүрэлцэхгүй бол СУИС-ийн оюутнуудтай хамтарч ажиллана гэж бодож байна. Тухайн оюутнуудад театрын уур амьсгалыг мэдрүүлж, ажлын туршлагатай болгохоор төлөвлөсөн.

Үүнээс гадна бид зарим бүтээлээ сэргээж чадахгүй байна. УДБЭТ анх 1953 онд “Манай нэгдлийнхэн” бүжгэн жүжгийг тавьсан. Харин 1956 онд дэлхийн сонгодог балетын нэг одоог хүртэл манай хөтөлбөрт тоглогддог “Бахчисарайн оргилолт булаг" бүжгэн жүжгийг А.Хабаев найруулан үзэгчдэд хүргэсэн. Тухайн үед болон дараа нь тайзнаа амилсан сайн бүжгэн жүжгүүдийг техник технологиос шалтгаалан бичлэг хийх боломжгүй байсан. Тухайн алдагдсан бүтээлээ сэргээж чадаагүй" гэсэн юм.

Б.Жаргал: Бид шинэ залуу үеийнхээ хүчээр дэлхийтэй хөл нийлүүлнэ

УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Б.Жаргал “Би албан тушаалаа аваад гурван жил болж байна. Энэ хугацаанд өнгөрсөн жил “Дэггүй Лиз” бүжгэн жүжиг үзэгчдэд хүрсэн бол 2016 онд “Дөрвөн өнгө" балетыг тавьсан. Уг бүтээлд дөрвөн балетмейстер хамтарсан бөгөөд дөрвөн өөр өнгө, дотоод ертөнцийг харуулдаг. 2015 онд “Оргилуун дарс” балетыг балетмейстер Д.Дашлхагва найруулан тайзнаа амьдруулсан бол 2014 онд “Франческа да Римини”-г үзэгчдэд өргөн барьсан.

Энэ мэт цоо шинэ бүтээлээр сонгодог урлаг сонирхогчид, үзэгчдийн мэлмийг мялаасан. Бид уламжлалт, үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг хуваарьт хөтөлбөрийн дагуу Хүмүүст хүргэдэг. Түүнчлэн театрын ажил цаг хугацаанд уягдаж ажилладаг учир бэлтгэл сургуулилт мэдээж сайн байх хэрэгтэй. Ялангуяа сонгодог урлаг бол нэг өдрийн дасгал тасалснаар хэмжигддэг.

1970-1980 онд Б.Жамъяндагва гуайн оргил үед манай балетчид Азидаа төдийгүй тив дэлхийд өрсөлдөх хэмжээний байсан. Одоо бол “Монголын балет мундаг байсан" гэсэн яриа л үлдсэн. Тухайн үед бидний ард эрэмбэлэгдэж байсан Япон, БНСУ, БНХАУ-ын уран бүтээлчид одоо дэлхийтэй энэ зэрэгцэж, бид хойноос нь мацаж байна. Бид шинэ залуу үеийнхээ хүчээр дэлхийтэй хөл нийлүүлнэ. Энэ бол миний “үндсэн бодол” гэлээ.

Дашрамд дуулгахад, "Бүжгээр урлахуй" балетын гала тоглолт маргааш 17:00 цагт УДБЭТ-т болно. Уг гала концертыг тус театрын туслах балетмейстер, хөтлөх найруулагч Ц.Чинзориг “Манай театр жил бүр гала концерт хийдэг. Харин энэ тоглолтын онцлог нь УДБЭТ-т ажиллаж байсан үе үеийн бүх балетмейстерийн уран бүтээлийг шингээж, хамгийн шилдэг номерыг хөтөлбөрт түүвэрлэн оруулсан. Түүнчлэн балетмейстерүүдийн сор бүтээлийг үзэгчдэд таниулна.

Манай тайзнаа анх тавигдсан бүжгэн жүжгүүдээс сэргээгдэх боломжгүй уран бүтээлүүд бий. Харин бид аль болохоор заримыг нь сэргээж маргаашийн балетын тоглолтод оруулж байгаа” хэмээн тодотгосон юм.

Зураг