Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амины хэрэгтэй хоригдол шоронгийн ажилтны эсрэг шүүхдэж $65,000 авахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Калифорни мужийн Сан Квентиний шоронд бүх насаар хоригдож байгаа ялтан шоронгийн ажилтны эсрэг бэлгийн дарамтын хэргээр шүүхдэж ялалт байгуулсан сонирхолтой тохиолдол гарчээ.

1981 онд хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг үйлдэж бүх насаараа хоригдох ял сонссон Уилльям Кордоба өөрийг нь сэкс боол болгон ашиглаж байсан шоронгийн зааварлагч Силвиа Пулидог шүүхэд өгсөн нь ийнхүү түүний ялалтаар өндөрлөж, нийтдээ $65,000-ын нөхөн төлбөр гаргуулахаар болсон байна.

 
Хоригдол Уилльям Кордоба

Эмэгтэй зааварлагч Силвиа түүнд шоронгоос гарахад туслах өмгөөлөгч олж өгнө гэж амласныхаа хариуд түүнтэй бэлгийн харилцаанд ордог байжээ. Одоо 57 настай Кордоба бэлгийн дарамт 2010 оноос эхэлсэн тухай мэдүүлсэн байна.

Олон сарын турш боол болон ашиглуулсныхаа дараа Кордоба Пулидог илчлэх гэж оролдсон ч бүтэлгүйтэж, зааварлагч түүнээс өшөө аван сахилга бат зөрчсөн шалтгаанаар ганцаарчилсан камерт есөн сар хорьж байжээ.

Ингээд 2012 онд Кордобад шүүхэд хандах боломж гарч, бие сэтгэлийн хохирлоо нөхүүлэх хүсэлт гаргасан байна. Шүүх хурал өнгөрсөн сард зургаан өдөр үргэлжилж, Кордобагийн талд шийдвэр гарчээ.

Энэхүү ховор хэргийн талаар өчигдөр Сан Франциско Хроникл сонин анх удаа мэдээлсэн юм. Кордобаг өмгөөлсөн шүүгч Жюлиа Аллен “Бүх хүн, эрэгтэй, эмэгтэй, эрхээ хасуулсан хэн ч бай бэлгийн дарамтаас хамгаалагдах эрхтэй” гэж шүүх хурлын дараа хэлжээ.

Силвиа Пулидо одоо шоронд ажиллахаа больсон юм байна. Шүүх хурал дээр түүний өмгөөлөгч Кордобагийн гомдлыг “зохиомол түүх” гэж няцааж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press