Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Рио Тинто компани өнгөрсөн онд өндөр ашиг олж, их ноогдол ашиг тараахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн томоохон компани болох Рио Тинто өнгөрсөн онд сүүлийн гурван жилийн хамгийн өндөр ашигийг олж, хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг тараах болсноо өчигдөр зарлажээ.

2015-2016 оны түүхий эдийн үнэ ханшийн уналтаар уул уурхайн бүх том компаниуд хямраад байсан ч тэд бүгд 2017 онд эргэн сэргэсэн юм.

Гэхдээ Рио Тинто тэдний дотроос онцгой өндөр санхүүгийн үр дүнтэй ажиллажээ. Тус компани нэгж хувьцаандаа $2.90-ын ноогдол ашиг тараахаар болсон нь нийтдээ $5.2 тэрбум болж байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилийн ноогдол ашгаас 70 хувь өссөн дүн болж байна. Рио Тинтогийн гол олборлодог бүтээгдэхүүнүүд болох төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс, нүүрсний үнэ өссөнтэй энэ нь холбоотой.

Тус компани бас $1 тэрбумын хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаар болсон байна. “Манай тайлан тэнцэл ийм сайн гарсан нь бид эдийн засгийн ямар ч тогтворгүй байдалд ажиллаж чаддаг, өндөр өсөлттэй бизнест хөрөнгө оруулж чаддаг, бүтэц зохион байгуулалтаа ухаалгаар удирдаж чаддаг болсныг харуулж байна” гэж Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьен Жак тайлангийн хурал дээр мэдэгджээ.

Тус компанийн хамгийн том орлого оруулагч төмрийн хүдрийн бизнес нь өнгөрсөн онд $6.69 тэрбумын ашиг оруулж, нийт ашгийн 70 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Энэхүү ашигт малтмалын үнэ ханш өнгөрсөн онд 2016 оныхоос 20 хувиар өссөн юм.

Ирж байгаа онд зах зээлийн тогтворгүй байдал, Хятадын зах зээлд түр зуурын эрсдэл тохиолдож болзошгүйг хүлээн зөвшөөрсөн ч “Хятад улс уул уурхайн бизнесийн гол хэрэглэгч. Түүний ДНБ (Дотоодын Нийт Бүтээгдэхүүн) маш хүчтэй байхаар харагдаж байна. Эцсийн эцэст уул уурхай бол ДНБ-д хөтлөгддөг салбар учраас бидэнд тун сайн нөхцөл бий болж байгаа юм” гэж Жан Себастьен Жак мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters