Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Отгонтэнгэр Их Сургуультай хамтран ажиллана

Б.Ану
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн гомдол шийдвэрлэх ажилд зориулж сар бүр тогтмол дэмжлэг үзүүлэхээ "Отгонтэнгэр" их сургуулийн удирдлагууд илэрхийллээ.  

"Отгонтэнгэр" их сургууль нь хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, санамж бичиг байгуулж буй их дээд сургуулиудын анхны төлөөлөл болж буйгаараа онцлог юм.   

Тус сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Одгэрэл ”Нийгмийн аль ч хэсэгт шударга ёс, хариуцлага, ёс зүй хурцаар хөндөгдөж байгаа энэ цаг үед сэтгүүл зүйн салбарын нэр хүнд, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалах энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж буй нь төгсөгч оюутнуудынхаа ирээдүйн ажлын байрыг эрүүл саруул, үнэ цэнэтэй байлгахад анхаарч, хувь нэмрээ оруулж буй хэрэг юм” хэмээв.  
 
Сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиулдаг Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 онд байгуулагдсанаасаа хойш иргэд, аж ахуйн нэгжээс 120 гаруй гомдол хүлээн авч амжилттай шийдвэрлэсэн байна. Цаашид ёс зүйн хорооны гишүүдээ чадваржуулах, байгууллагаа үйл ажиллагаа болон санхүүгийн хувьд улам бүр бэхжүүлэх зорилго тавьжээ. 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ХМЗ нь шинэ тутам байгууллагын хувьд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхэд тогтмол санхүүжилт чухал буйг онцлоод редакцуудаас гадна сэтгүүл зүйн их дээд сургуулиудаа уриалан "Отгонтэнгэр" их сургуулиас санхүүгийн дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийллээ.

 

Хамтын ажиллагааны хүрээнд хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүл зүйн багш оюутнуудад мэргэжлийн ёс зүйн мэдлэг мэдээлэл хуваалцах, ёс зүйн зөрчил бүхий гомдлын кейсүүдийг сургалтад ашиглуулах, олон улсын ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагаа, амжилт ололтоос хуваалцах юм байна.