Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгууль болохоор сайхан уралд. Бусад үед ажлаа хий"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр Баруун-Урт хотын "Жаахан шарга" театрт нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нар оролцож байгаа юм.

Тэрбээр иргэдэд хандаж “Эдийн засгийн сэргэлт, өсөлтийг ард иргэдийн амьдралд мэдрүүлэх нь Засгийн газрын гол зорилго. Улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар 4 хувийн өсөлттэй гарсан. Олон улсын байгууллагуудаас манай улсын эдийн засаг сэргэж байгааг хэлж, зээлжих зэрэглэлийг “В тогтвортой” руу шилжүүлсэн.

2017 онд улсын төсвийн орлого 500 тэрбумаар давж биелж, гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрсэн. Төгрөгийн ханш тодорхой хэмжээнд чангарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Төсвийн сахилга бат сайжирсан. 2017 онд төсвийн алдагдал ДНБ-ний 9 хувьд хүрч буурсан.

Зүйрлэж хэлбэл Монгол гэдэг айл жилд 6 төгрөг олж, 8.50 төгрөг зардаг. Зөрүү 2.50 төгрөг нь төсвийн алдагдал.

Тиймээс төсвийн сахилга бат сайжруулах шаардлагатай байна. Улсынхаа төсвийг эрүүлжүүлж, алдагдалгүй болгож, тулгамдаад байгаа өр ширийг барагдуулахаар ажиллаж байна.

Засгийн газраас эрчим хүч, хүнс, шатахуунаа дотоодоосоо хангах гурван гол бодлогыг барьж байгаа. Үүний төлөө Монгол Улсын төр заcaг ажиллах ёстой.

Утааны асуудал ганцхан Улаанбаатарын биш аймгийн төвүүдийн асуудал болоод байна.

Нийт 13 аймагт дулааны цахилгаан станц барина. Түүний нэг нь Сүхбаатар аймаг юм.

Хүнд үйлдвэрүүдийн суурийг Засгийн газар тавьж, шийдвэрлэх түвшинд ажлыг нь эхлүүлэхээр зорьж байна” гэв.

Ингээд Ерөнхий сайдад тавьсан иргэдийн санал хүсэлтээс танилцуулъя.

 

Ахмад настан н.Дашцэрэн “Манай аймаг мал аж ахуйн аймаг. Тиймээс ноосны чиглэлийн үйлдвэр байгуулах ажилд анхаарч өгнө үү. Энд ажлын байр хомс байна.

Хоёрдугаарт, манай аймагт хэрэгжиж байгаа мах боловсруулах үйлдвэр байгуулах төслийг дэмжиж өгөөч.

Манай аймаг 6,000 гаруй ахмадтай. Ахмадуудад биеийн тамирын дасгал хийх боломж муу байна. Ирэх оны төсөвт энэ асуудлыг шийдэж өгөөч” гэж хүсэв.

Ахмадын хорооны ажилтан н.Цэрэндулам “Ядуурлын дүр төрх судалгааны үр дүн зарлагдсан. 2014-2016 оны хооронд Монгол Улсын гурван иргэн бүрийн нэг нь ядуу болсон байна. Тэр дундаа Сүхбаатар аймгийн 47 хувь нь ядуу гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Ядуурлыг бууруулна гэж олон жил ярилаа. Төрийн данхар бүтцийг эрс багасгаж, хүн арддаа хүрсэн бүтцийг бий болгож ажиллах нь чухал. Иргэний нийгмийн байгууллага, иргэдийнхээ оролцоог дэмжих шаардлагатай байна” гэв.

Иргэн А.Төмөр-Очир "Ард түмэн ядарчхаад байна. Амьдралаа дээшлүүлмээр байна. Ард түмнээ цатгамаар байна.

Манай аймгийн удирдлагууд утгагүй улс төржиж байна.

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүргээ гүйцэтгэж бассейн баригдаж байна. Удахгүй улсын комисс хүлээн авах гэж байгаа боловч урсгал зардал, цалин хөлсний асуудал шийдэгдээгүй байгаа. Үүнийг 2018 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна.

Бөхийн өргөөний асуудал одоо болтол баригдаж дуусахгүй 6-7 жил болж байна. Улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөг авах ёстой. 1.2 тэрбум төгрөг авсан ч одоо гүйцэтгэл нь 35 хувьтай, балгас болоод хувирчихсан байна. Энэ асуудалд та анхаарлаа хандуулаарай” гэв.

Сүхбаатар аймгийн иргэд ИТХ-д байгаа хоёр намын гишүүд ойлголцохгүйн улмаас төсвөө 2 дахь жилдээ баталж чадахгүй, төрийн албаны ажилтнуудын цалин цагтаа буухгүй байгааг Ерөнхий сайдад олон удаа уламжлан хэлэв. Мөн аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байв.

Сангийн яамны төсвийн бодлогын газрын захирал н.Ганбат "Төсвийн тухай хуулиараа аймаг, орон нутгийн удирдлагад төсөв батлах эрх нь байдаг" гэдгийг онцолж хэлсэн юм.

Аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүдэд хандаж Ерөнхий сайд "Аймгийн даргын талаар иргэд нэлээдгүй зүйл ярилаа. Аймгийн дарга ажлаа анхаарч, ард иргэдийнхээ үгийг сонсож байх хэрэгтэй.

Хоёр том нам хоорондоо хэрэлдээд байх шаардлага байхгүй Тиймээс учраа ололцоод хамтран ажиллах хэрэгтэй.

Иргэдийн хувьд заяа аймгийн ИТХ-аас шалтгаална. Ерөнхий сайд шууд аймгийн ИТХ-д хандаж шийдвэр гаргах эрх байхгүй.

Гэхдээ би үүнийг судалж ажиллана. Та бүхэн хоорондоо эв нэгдэлтэй байгаарай.

Сонгууль болохоор л сайхан уралд. Бусад үед ажлаа хий" гэв.

Бөхийн өргөөний асуудал одоо болтол баригдаж дуусахгүй 6-7 жил болж байна. Улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөг авах ёстой. 1.2 тэрбум төгрөг авсан ч одоо гүйцэтгэл нь 35 хувьтай, балгас болоод хувирчихсан байна. Энэ асуудалд та анхаарлаа хандуулаарай” гэв.

 

Сүхбаатар аймгийн иргэд ИТХ-д байгаа хоёр намын гишүүд ойлголцохгүйн улмаас төсвөө 2 дахь жилдээ баталж чадахгүй, төрийн албаны ажилтнуудын цалин цагтаа буухгүй байгааг Ерөнхий сайдад олон удаа уламжлан хэлэв. Мөн аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байв.