Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарын он дамжсан барилгыг барьж дуусгана

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнөөр 2017 онд эрүүл мэндийн салбарт хийж гүйцэтгэсэн ажил болон энэ онд хийх ажлынхаа талаар санал солилцлоо.
 
2017 онд хийж гүйцэтгэсэн гол гол ажлуудын нэгийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шат хэмээн зөвлөгөөнд оролцогчид онцолж байна. Тухайлбал С вирусын халдварын эсрэг эмчилгээнд нийт 20 гаруй мянган хүн хамрагджээ.
 
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шатны үйл ажиллагаанд 16.2 тэрбум төгрөг эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд зарцуулсан байна. Ирэх 2018 онд дээрх насны бүлгийн үлдсэн иргэд болон 2-р шатанд хамрагдах 15-39 насны 1.2 сая иргэнд үзлэг шинжилгээ хийхээр төлөвлөжээ. 
2018 онд эрүүл мэндийн салбарын төсвийг 12 хувь буюу 92.8 тэрбум төгрөгөөр УИХ нэмж  баталсан байна. Он дамжин царцаагдсан барилгыг барьж дуусгах, эх орондоо оношилж эмчлэх боломжтой болсон шинэ тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд энэ мөнгө зориулагдах ажээ. 

Эмнэлгийн мэргэжилтний сургалтад 2.5 тэрбум төгрөг, сум өрхийн эрүүл мэндийн төвийн үйл  ажиллагаанд 1.8 тэрбум төгрөг төсөвт сууж өгсөн байна. 

Энэ онд Эрүүл мэндийн салбар 5 гол үйл ажиллагаанд анхаарна. Үүнд
  1. Монгол улсын бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааг орон даяар эхлүүлнэ.
  2. “Эрүүл шүд – эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  3.  Дуусаагүй барилгуудын үйл ажиллагааг сэргээж улмаар шат дараатай ашиглалтад оруулна.
  4.  Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, үр ашгийг дээшлүүлнэ.
  5.  Эрүүл мэндийн улмаас иргэдэд ирэх санхүүгийн ачааллыг бууруулна хэмээн төлөвлөжээ.