Төлөөлөгч Ц.Одонтунгалаг хүүхдэд ээлтэй хоттой болох асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хүн амын 34.48 хувь буюу 476,165 хүүхэд байна. Нийслэлийн хүүхдийн авъяасыг хөгжүүлэх чиглэлээр төвийн 6 дүүрэгт нийт 98 сургалтын төв ажиллаж байгаагаас 2,976 хүүхэд хамрагдаж байна. Монголын хүүхдийн ордны болон хувийн хэвшлийн сургалтын төвд нийт 9,226 хүүхэд хамрагдаж байна. Энэ тооноос харахад нийслэлийн хүүхдүүдийн дөнгөж хоёр хувь нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, үлдсэн 98 хувь нь тодорхой бодлогогүй орхигдож байна.
Мөн Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төрлийн үйлчилгээ явуулахад 6,740 хүүхэд хамрагджээ. Гэвч хамгаалал шаардлагатай олон хүүхэд цаана нь байна.
Дайн самуунтай улсаас аюултай нөхцөл байдалд Нийслэлийн хүүхдүүд амьдарч буй энэ байдалд одооноос анхаарч, хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
Иймд нийслэлийн хэмжээнд хүүхдэд зориулсан үйлчилгээг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийн талаар олон нийтэд сурталчлан таниулах зэрэг гурван чиглэл бүхий зөвлөмжийг АН-ын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлан зохион байгуулсан “Хотын шийдэл-Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийн үр дүнд гаргалаа. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын саналыг АН-ын эмэгтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргад хүргүүлж, хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн байна.