Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ариунболд: 3D принтер технологиор 24 цагийн дотор таныг амины орон сууцтай болгоно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

3D принтерийн тусламжтайгаар жижиг боловч тохилог сууцыг 24 цагийн дотор босгох боломжтой болсон талаар бид өмнө нь Технологи булангаараа танилцуулсан билээ.

Тэгвэл манай улсаас "Монгол Базальт" ХХК байшин хэвлэгч 3D принт технологийг эзэмших, ашиглах гэрээ хийгээд байгаа юм. Энэ талаар тус компанийн захирал Л.Ариунболдтой ярилцаж мэдээлэл авлаа. 

32 сая төгрөгөөр 2 өрөө тохилог хувийн сууцтай болох боломжтой

 - "Монгол Базальт" ХК 3D принтер технологиор байшин барих гэж байгаагаа өөрийн твиттер хуудаст мэдээлсэн байсан. Энэ технологийг яагаад сонгох болов?

- Хүмүүс анхандаа ямар ч байсан орон сууцтай болъё гэж боддог байсан бол одоо амьдрах орчныхоо нөхцөл боломж, тохилог байдлыг илүү их харж сонголт хийдэг болжээ. 

Амьдралын тав тухын тухай ойлголт сайжрах тусам хүмүүс технологийн дэвшил рүү тэмүүлж байна. 

Тиймээс ч манай компани дэлхийн томоохон үзэсгэлэн, хурлуудад тогтмол оролцдог.  Дэлхийд 2016 оноос  3D принтерээр байшин барих ажлын судалгаа хийгдэж эхэлсэн. 2017 оноос оросууд Москва хоттой ойрхон тосгонуудад амьдарч байгаа бага, дунд орлоготой иргэд, оюутнуудад зориулж 3D принтерээр байшин барьж эхэлсэн. Дараа нь Сибирьт мөн энэ байшинг барьсан.

Бид орос, хятадуудтай энэ ажлын талаар сүүлийн 1-2 жил хугацаанд уулзаж явсан юм.  Ингэж байтал Засгийн газраас “Сайн хашаа” хөтөлбөрийг хашаандаа сайхан амьдаръя гэсэн уриатайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Бидний сонирхоод байгаа 3D принтерээр байшин барих судалгааны ажил Засгийн газрын барьж байгаа чиглэлтэй ойрхон байсан юм.

Түүнээс бид л ийм байшин барина гээд зүтгээж байж болохгүй шүү дээ. 3D принтер амины орон сууцны зах зээлд хувьсал хийж чадах юм байна гэдэгт өнгөрсөн жил итгэсэн.  Ингээд судалгаа хийж эхэлсэн юм. Байшингийн бүх орцынх нь 60 орчим хувьд нь бидний үйлдвэрлэж буй хөвөн ашиглагдах юм билээ. Мөн бид 3 том цементийн үйлдвэртэй. Үүнээсээ цементээ ашиглачихна. Тэгэхээр энэ бидний л хийх ажил байгаа биз.

- Байшин үнэ өртөг болон хэмжээний хувьд ямар байх вэ?

 

- Уг байшингийн метр квадратын үнийг  оросын инженерүүдийн тооцоон дээр суурилан 800 мянган төгрөгөөр тооцож байгаа. Байшингууд 38мкв-120 мкв хүртэл хэмжээтэй. Ингээд бодохоор ойролцоогоор 32 сая төгрөгөөр 2 өрөө өөрийн гэсэн тохилог байшинтай болох боломжтой болж байна.

Засгийн газар, Азийн Хөгжилтэй Банктай хамтраад иргэддээ зориулаад энэ байшин барих хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа. Бид байшингаа барьж өгөх боломжтой. 

Байшингийн өртөг бага юм чинь айлуудын газрыг барьцаалаад урьдчилгаагүйгээр оруулах боломж гарч болох талаар яриа байгаа. Мөн айлууд хувиараа бариулж болно. Бид байшингийн хана хоорондын орон зайг шүршдэг Базальтвүүл чулуун хөвөнгөөр дулаална.

- 3D хэвлэгчээр барих байшингийн өртгийг цаашид бууруулах боломж бий юу?

- Яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Дулаахан оронд бол ханыг нь нимгэн хийгээд өртгөө бууруулж байна. Гэтэл манайд хямдхан болгох гээд ханыг нь нимгэн хийвэл даарах зовлон эхэлнэ. Хүмүүс нэг талаараа үргэлж хямдхан зүйл хүсэх хэрэггүй. Цаашид  ашиглаад эзэмшээд амьдралд хэрэгжүүлж эхэлсний дараа өртөг бууруулах боломжийн тухай ярьж болно.

Байшингийн хувьд үнэ, чанар, тав тух гурав хосолмол байх ёстой. Тэгэхгүйгээр ганц үнэ харах юм бол тухайн үедээ байшингаа хямдхан авсан ч насан туршдаа түүнээсээ хэд дахин илүү мөнгийг зарцуулж амьдрах шаардлагатай болно. 

Технологийн шинэчлэл, инновацийн үр дүнд барилгын өртгөө бууруулдаг

- Сүүлийн үед амьдрах орон байраа сонгох иргэдийн хандлагыг та юу гэж харж байна вэ?

- Хүмүүсийн хөгжил дэвшил, хүсэл эрмэлзэл барилгын дизайныг хүртэл өөрчилж байна. Гэтэл улс орон маань нөгөө л нэг ипотек, нийтийн орон сууцаа санал болгосоор.

Сүүлийн үед хашаатай айл байшинд оръё гэсэн сэтгэгдэл нь багасаж эхэлж байна. Яагаад гэвэл найз нөхөд хамаатан садан нь байшинд ороод тийм сайжирчихсан нь харагдахгүй байгаатай холбоотой. 

Эхнэр, нөхөр хоёр хоёулаа ажил хийсэн ч сар болгон цалин дээрээ мөнгөө суутгуулаад байхаар ядаж нэг тийшээ яваад амарч зугаалах тийм боломж олдохгүй. Үргэлж санхүүгийн хомсдолтой нөхцөлд амьдарч байна.

15 жил ипотекийн зээл төлж байраа өөрийн болгосны дараа дизайн хэв маяг нь ч өөрчлөгдөнө.  Үүний оронд 0.07 га газраа жижигхэн хаус бариад, дэд бүтцээ хөгжүүлбэл тохилог амьдрах боломж байна. Хуучин ариун цэврийн өрөө, халуун, хүйтэн усыг шийдэхэд хэцүү байсан бол одоо энэ бүгд ямар ч хүндрэлгүй болчихлоо.

- Барилгын компаниуд орон сууцны үнээ бууруулах боломж бий эсэх талаар та ямар бодолтой явдаг вэ?

- Манай улс барилгын материалынхаа 80 орчим хувийг гаднаас авч байгаа. Ийм учраас барилгын компаниуд үнээ бууруулах боломжгүй. Дээр нь манай барилгын компаниуд технологио хөгжүүлдэггүй зөвхөн архитектур, дизайнаа л хөгжүүлээд байна. Гэтэл байшин барих технлоги чинь өөр шүү дээ.

Барилга барихдаа материаллаг суурин дээр тулгуурлахаар вальютын ханшийг дагаад үнэ нь өсчихнө. Харин бид технологийн шинэчлэл, инновацийн үр дүнд барилгын өртгөө бууруулж байна.

- Монгол Базальт компани хэдий үеэс чулуунаас дулаан гаргаж эхэлсэн юм бэ?

- 1990 онд анх машины шилний үйлдвэр байгуулж байлаа. 1998 оноос чулуун хөвөнгийн үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн. Байгалийн чулууг ноос болгон хувиргаж, дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэж байна. Манай компани нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 45 хувийг барилгын салбарт нийлүүлдэг. Бүтээгдэхүүн маань зөвхөн нэг салбараас хамаардаггүй.

Хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарт хамааралтай. Мөн бүтээгдэхүүнээ экспортод тодорхой хэмжээгээр гаргаж байна. Бид хэрэглэгчдэд өгөөжтэй бизнес эрхэлдэг. Эх орныхоо түүхий эдээр, өндөр технологи шингээж хийдэг гэж боддог.

Хашаандаа хотын төвийн байрнаас дутахааргүй амьдрах боломж бий
 

- Гэр хороолол дахь байшин дулаалах ажлынхаа тоо баримтаас танилцуулахгүй юу. Энэ нь утааны эсрэг нийгмийн хариуцлагат ажил гэж бас харагдаж байгаа. 

- Тухайн айлын байшин нь дулааны алдагдалтай байх юм бол өдөрт 5-6 удаа 30-40 кг нүүрс түлж байна. Хана, дээвэр, шалыг нь дулаалаад өгчихөөр өдөрт хоёрхон удаа гал түлж байгаа юм. Ингэхээр нүүрсний зардал 65 хувь хүртэл буурах боломж бүрдэж байна. Дулааны алдагдалгүй болсон үед байшинд цахилгаан бойлуур тавихаар зардал нь хямдхан гарна. Ингээд яндангүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл нүүрснээс цахилгаанд шилжлээ гэсэн үг л дээ. Айлууд өөрсдөдөө ч хөрөнгө оруулаад утааны асуудлыг ч бас давхар ингэж шийдэж болно.

- Иргэдэд байшингаа дулаалахад хэд орчим төгрөг шаардагдах вэ?

- 10 орчим сая төгрөг хэрэгтэй. Эдийн засаг хямарсан энэ үед энэ мөнгийг зээлээр шийдэж болно. Харин энэ зээл нь арилжааны зээл шиг хүүтэй бол тухайн гэр бүлд дарамт болно.  Иймээс бид байшингаа дулаалах гэж байгаа иргэдэд Хасбанктай яриад 8 хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай зээл гаргахаар болсон. Төрийн зүгээс утааг бууруулахад их мөнгө гаргаж байгаа юм чинь иргэдийн байшингаа дулаалахад авахад зээлийн хүүг даагаад энэ асуудлыг шийдэх боломжтой гэж боддог. 

Банкны зээлийн нөхцөлийн хувьд энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Европын Холбооны улсуудад явж байхад банкнаас хэн зээл авдаг вэ гэхээр өөрийн гэсэн газартай, газар дээрээ байшинтай хүн санхүүгийн эргэлтэд ордог. Харин манайд энэ зүйл эсрэгээрээ. Зөвхөн нийтийн орон сууцад байртай хүн зээлд хамрагддаг. Хашаа байшинтай хүмүүсийн хөрөнгө үнэлэгдэхгүй байсаар байна.

- Энэ хугацаанд хэчнээн айлуудын байшинг дулаалсан талаар ярихгүй юу?

- Хашаандаа байшингаа тордоод сайхан амьдрах боломжийг дэмжээд сүүлийн жилүүдэд айлуудын байрыг дахин дулаалах төсөл хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш 150 айлын байшинг дахин дулааллаа. Эдгээр айлаар яваад судалгаа их хийсэн. Айлууд дунджаар 4 цаг тутамд нэг байшингаа галлаж байна. Өвлийг давна гэдэг тухайн айлд бөөн стресс болсоор байна. Айлын эзэгтэйгийн өглөөнөөс орой болтол хүүхэдтэйгээ адилхан асардаг зүйл нь гал тогоо. 

Нүүрсээ хийгээд, үнсээ гаргаж цэвэрлэсээр байтал орой болчихдог. Өөрийгөө ч хөгжүүлж чаддаггүй. Ингэж явсаар зун болохоор жаахан амсхийж байна. Айлуудыг дулаалж  цахилгаан халаагуур тавиад сарын дараа айлын эзэгтэйтэй очиж ярилцсан чинь цаг зав нь их болоод нөхөртэйгөө ч  нүүрс түлээнээс болж хэрэлдэхээ больсон гэж ярьж байсан.

Хашаандаа хотын төвийн байрнаас дутахааргүй сайхан амьдрах боломж бий. Ингэхдээ хашаандаа тахиа тэжээж, ногоо тариалж болно. Энэ нь эдийн засгийн үр өгөөжтэй. Орон сууцад амьдардаг хүмүүс цалин болгон дээрээсээ дулаахан, хүйтэн нь хамаагүй байрныхаа дулааны мөнгийг өгнө. Хэрвээ хашаа байшинд амьдардаг бол гадаа халуун байвал цахилгаан халаагуураа унтрааж, өөрөө дулаанаа тохируулж болно шүү дээ.

Бидний хувьд айлуудын байшинг дулаалж байгаа материалуудынхаа нэг ч түүхий эдийг гаднаас авдаггүй. 25 сантиметрийн зузаантай ханан дотор 25 сантиметрийн зузаантай хөвөн байна гэдэг нь маш дулаахан байх боломжийг өгч байгаа юм.