Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмадууд тэтгэврийн зээл авахаар урт дараалал үүсгэжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
ХААН Банкны Дарь Эхийн тооцооны Төв, 2018.2.5

2017 онд цалин, тэтгэврийн зээлийн хэмжээ өмнөх оноосоо 40 орчим хувиар нэмэгдсэн байна.  

Мөн өрхийн өр ба ДНБ-ний харьцаа сүүлийн таван жилд хоёр дахин өссөн гэх тоо баримтыг Монголбанкны Судалгаа Статистикийн Газрын захирал Д.Ган-Очир “Эдийн засгийн бодлогын чуулган 2018” хурлын үеэр танилцуулсан нь анхаарал татаж байлаа.

Цалин, тэтгэврийн зээл бол ипотек болон жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс тусдаа гарч байгаа үзүүлэлт гэдгийг хэлэх хэрэгтэй. Чухам ямар шалтгаанаар иргэдийн өр, зээл ийнхүү огцом нэмэгдэх болов.

Зарим банк санхүүгийн салбарын төлөөлөл тэтгэвэр, цалингийн зээл ихэвчлэн цагаан сарын үеэр ихэсдэг талаар хэлж байлаа.

Ялангуяа настангууд цагаан сарын баярын үеэр тэтгэврийн зээл авахаар банкуудад ачаалал үүсгэдэг нь ажиглагддаг.

Энэ талаар сурвалжлахаар ХААН Банкны Дарь Эхийн тооцооны Төв болон ХААН банк Олон Нийттэй Харилцах Газрыг зорьсон юм.

“ӨЧИГДӨР ИРЭЭД ДУГААР АВЧ ЧАДАЛГҮЙ БУЦСАН”

Биднийг ХААН банк Дарь эхийн зээлийн төвд очин дотогш ороход маш олон настан уртаас урт дараалал үүсгэн зогсож зарим нь ядарч туйлдан сандал дээр чихэлдэн суусан нөхцөл байдал угтан авав.

Банкны үүдний ойролцоох дугаар хэвлэдэг машин нь ажиллахгүйгээс гадна дэргэд нь зогсох ажилтан дугаар хэвлэх боломжгүй, өнөөдрийн дугаар тараагаад дууссан тул маргааш ирэх хэрэгтэй гэсэн мэдээллийг өгч байгаа нь сонсогдоно.

Бужигнасан хүмүүс дунд суух нэгэн өндөр настангаас ямар үйлчилгээ авах гэж хэр удаан хүлээж байгааг нь асуулаа.

Нэрээ нууцлахыг хүссэн өндөр настан “Би тэтгэврийн зээл авах гэж өчигдөр (2018.2.5) энд 11 цагт ирэхэд банк дугаараа тараагаад дуусчихсан байсан учир зээлээ авч чадалгүй буцсан. Харин өнөөдөр өглөө банк онгойход ирээд 99 гэх дугаарыг авч 3 цагийн турш хүлээж байна. Одоо миний урд 15 хүн байна даа” гэлээ.

“ИХЭНХ ХҮН ЦАГААН САР БОЛОХ ҮЕЭР ЗЭЭЛ АВДАГ УЧРААС ИЙМ ИХ  ХҮНТЭЙ БАЙНА”

Буцаж эргэн дугаар хэвлэгч машины дэргэд зогсох банкны ажилтангаас яагаад энэ салбарт ийм их хүн дараалал үүсгээд байгаа тухай, яагаад дөнгөж өдрийн 12 цаг болж байхад  дугаар дууссан талаар тодрууллаа.

ХААН банкны Дарь эхийн зээлийн төвийн ажилтан “Манай салбар өчигдрөөс эхлээд энгийн гүйлгээ хийлгүй зөвхөн тэтгэврийн зээл авах хүмүүст л үйлчилж байгаа. Тиймээс энд дугаарласан хүмүүс бүгд тэтгэврийн зээлийн үйлчилгээ авах гэж байгаа юм. Өчигдрийн хувьд бид 400 гаруй хүнд үйлчилсэн бол одоогийн байдлаар 200 гаруй хүнд дугаар тараагаад дуусчихсан байна.

Тэтгэврийн зээлийг энэ сарын 5-наас 31-ны хооронд олгоно. Гэхдээ цагаан сар хүртэл л ийм дараалалтай байдаг. Яагаад гэвэл ихэнх хүн цагаан сар болох үеэр зээл авдаг учраас ийм их хүнтэй байна” гэлээ.

Үнэхээр цагаан сарын үеэр бүх салбар яг ийм ачаалалтай ажилладаг эсэхийг тодруулахаар ХААН банкны Олон Нийттэй Харилцах Газрыг (ОНХГ) зорилоо.

"ЦАГААН САР ДӨХӨӨД ИРЭХЭЭР ЭНГИЙН ҮЕЭС ЗЭЭЛИЙН АЧААЛАЛ НЭМЭГДДЭГ"

 “Цагаан сар дөхөөд ирэхээр энгийн үеэс зээлийн ачаалал бага зэрэг нэмэгддэг. Гэхдээ бүгд зээл авч буй хэрэг биш юм. Салбар салбараасаа шалтгаалан ачаалал өөр өөр байгаа. Саяхан Хэрэглээний зээлийн урт хугацааны аянг гуравдугаар сарын 31-ныг дуустал зарласан учир мөн ачаалал бага зэрэг нэмэгдсэн” гэж  ХААН банкны ОНХГ-ын мэргэжилтэн Б.Цийзэнхорол  хэллээ.

 Ихэнх тохиолдолд ХААН банкинд урт дараалал үүсдэг нь үйлчлүүлэгчдийн бухимдлыг төрүүлсээр байдаг. Энэ талаар тодруулахад “Манай банк олон салбартай иргэдэд хүртээмжтэй гэдэг утгаар Засгийн Газраас гаргасан иргэд харилцагчдад чиглэсэн бүх төсөл хөтөлбөрөөр хамтран ажилладаг.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах  үе шатат хөтөлбөрийг ХААН банк дэмжин жилийн 12 хувийн хүүтэйгээр буюу сарын нэг хувийн хүүтэй зээлийг нэгдүгээр сарын 16-наас олгож эхэлсэн.

 Тус зээл нь тухайн тэтгэвэр авагч нийт тэтгэвэрийнхээ 70 хувиар нь зээлбэл уг нөхцөлд хамрагдах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, 70 хувиар зээл авч 30 хувийн тэтгэвэрээрээ амьдрах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг.

Хэрэв тэтгэврээ 100 хувиар зээлбэл банкны дагаж буй хүүгээр авна” гэж мэдээлж байлаа.