Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол эмэгтэй Британи эмэгтэйгээс 6 жилийн дараа сонгуульд оролцож эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-нд Их Британид эмэгтэй хүн анх улс төрийн сонгуульд саналаа өгч эхэлсний 100 жилийн ой тохиожээ.

1918 оны энэ өдөр 30-аас дээш настай, өөрийн эзэмшил газартай, эсвэл эзэмшил газартай эрэгтэйтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд сонгуульд оролцож болохыг хуульд нэмж оруулж байсан юм.

Үүнтэй зэрэгцээд Британи эрчүүдийн сонгуульд оролцох насыг 30-аас 21 болгон бууруулсан байна. Тэр цагаас хойш тэмцэл үргэлжилсээр бүх эмэгтэйчүүдийг эрчүүдтэй эрх тэгш сонгуульд санал өгүүлдэг болгосон түүхтэй.

Гэхдээ Британиас өмнө Европын хэд хэдэн орон эмэгтэйчүүдэд сонгох эрх олгоод байжээ. Хамгийн анх Британий колони Шинэ Зеландад 1893 онд ийм эрх нээгдсэн байна. Улмаар 1902 онд Австрали, 1906 онд Финланд, 1913 онд Норвеги, 1915 онд Дани, 1917 онд Орост эмэгтэйчүүд сонгуулийн санал өгөх эрхтэй болжээ. Британитай зэрэгцэн 1918 онд Герман, Австрид эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулах болсон байна.

АНУ-д 1920 оноос ийм боломж нээгджээ. Гэтэл Ази тивээс анх удаа, мөн ядуу буурай хөгжилтэй орнуудаас анх удаа Монгол улс 1924 онд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулж эхэлсэн байна.

Тэгвэл Европын сүүлчийн улс Швейцарь 1971 онд эмэгтэй сонгогчдыг зөвшөөрч байжээ. Өмнөд Америкт Эквадор анх 1929 онд эрхийг нь зөвшөөрч, Азиас хоёрдогч орноор 1950 онд Энэтхэг тодорч байсан юм.

Ази тивээс хамгийн сүүлд Саудын Араб 2015 оноос эмэгтэйчүүдийн саналыг өгүүлж эхэлжээ.

 

Эх сурвалж: CNN