Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"2018 онд хөдөлмөрийн зах зээл дээр 74,600 ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв байдал болон өнгөрсөн оны хөдөлмөрийн зах зээлийн судалгааны талаарх дүнг өнөөдөр танилцууллаа. 

2018 онд хөдөлмөрийн зах зээл дээр 74,600 ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн ажлын байрны 70 орчим хувь нь энэ оны эхний зургаан сард үлдсэн ажлын байр нь сүүлийн хагаст бий болно гэж ХНХСИ-ийн захирал М.Алтансүх мэдээллийн эхэнд дурьдав. 

Нийт ажилчдын 5.8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжсан

Тэрбээр "Энэ жил барилгын салбар идэвхжил өндөртэй байхаар харагдаж байна. Тус салбарт 18,600 ажлын байр бий болох хүлээлт байгаа. Жижиглэн болон бөөний худалдааны салбарт эрэлтүүд ихээр бий болохоор байна.

Өнгөрсөн жил 10,900 ажлын байр сул чөлөөтэй байжээ. Дараагийн онцлох судалгаа бол цалин хөлсний бүтцийн судалгаа. Уг судалгааг хоёр жил тутамд нэг хийдэг бөгөөд нийт 2,376 аж ахуйн нэгж байгууллагын 29,904 ажилчин хамрагдсан. 

 Энэ жил уг судалгаагаар нийт цалингийн 86 орчим хувийг үндсэн цалин, 6 орчим хувийг нэмэгдэл, 5.5 хувийг нэмэгдэл хөлс, 1.2 хувийг шагнал урамшуулал эзэлж байна.

Үндсэн цалин болон нэмэгдэл хөлсний өсөлтийг 2015 онтой харьцуулж үзэхэд нэг функтээр өссөн анзаарагдсан. Үүнээс үзэхэд цалин төдийлөн өсөөгүй бөгөөд хувийн хэвшил арай илүү цалингаа нэмжээ. Нийт ажиллагсдын 5.8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжсан байна.

Мөн нийт ажилчдын 10 орчим хувь нь амралтын өдөр, илүү цагаар ажиллажээ. Эдгээр хүмүүсийн хоёр хүн тутмын нэг нь илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсөө авч чадаагүй байна. Энэ асуудалд бодлого боловсруулагч нар анхаарах зайлшгүй шаардлагатай" гэлээ. 

"Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв" судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байх дараах ажил мэргэжлийг эрэмбэлэн тодруулжээ. Үүнд
 
  1. Барилга
  2. Үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан
  3. Цэвэрлэгч
  4. Угаагч 
  5. Үйлчлэгч зэрэг мэргэжил шаардахгүй энгийн ажил мэргэжил
  6. Засалчин
  7. Шаварчин
  8. Худалдагч
  9. Оёдолчин
  10. Эм найруулагч
  11. Тогооч 
  12. Мужаан
  13. Цахилгаанчин
  14. Хийн хоолойн инженер
  15. Нягтлан бодогч
  16. Барилгын инженер.

Төгсөгчдийн 60.9 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

ХЭБСС-ийн эрхлэгч И.Энхбаатар "Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд 2015-2016 оны хичээлийн жилд мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагыг мэргэжлийн анхан шатны болон түүнээс дээш бакалаврын боловсрол эзэмшсэн нийт 44.9 мянган төгсөгчдөөс 4,909 төгсөгчдийг түүвэрлэн хамрууллаа. 

Нийт төгсөгчдийн 60.9 хувь нь төгссөнөөс хойших нэг жилийн хугацаанд хөдөлмөр эрхэлж байна. Харин эдгээр төгсөгчдийн 16.3 хувь нь ажилгүй, 22.8 хувь нь эдийн засгийн идэвхгүй хэлбэрт байна. 

Сургуулийн төрлөөр нь тодруулбал их дээд сургуулийн төгсөгчдийн 68.4 хувь нь, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийн 49 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Эдгээрээс ИДС-ийн төгсөгчдийн 69.6, МБСБ төгсөгчдийн 48.9 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. 

Их Дээд сургууль төгсөгчдийн хувьд барилга, архитектурын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хамгийн өндөр буюу 83.2 хувь байгаа бол компьютер, анагаах ухаан, физик, хими, биологи, газар зүй, математик статистик, нийгэм, эдийн засаг, тээвэр, багш боловсрол судлал зэрэг мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 70.9-76.5 хувьтай байна.

Харин хамгийн бага буюу 50 хувийн хөдөлмөр эрхэлж буй нь нийгмийн халамж, хангамж, биеийн тамир, спортын мэргэжлийн чиглэлээр төгсөгчид байгаа юм. 

Харин мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мэргэжлийн чиглэлээр харахад эрүүл мэндийн салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 69.2 хувь нь, эрчим хүчний чиглэлээр төгсөгчдийн 58.1 хувь, уул уурхайн салбарын чиглэлээр төгсөгчдийн 52.4 хувь нь бусад салбарын төгсөгчидтэй харьцуулахад илүү хөдөлмөр эрхэлж байна. Харин мэдээлэл технологи, ХАА, байгаль орчин аялал жуулчлал зэрэг салбарын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт бусад салбартай харьцуулахад бага байгаа. 

Хөдөлмөр эрхэлж буй төгсөгчид хамгийн түгээмэл тохиолддог ур чадварын дутагдалд багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох чадвар зэргийг нэрлэсэн" гэв. 

Түүнчлэн төгсөгчид тухайн ажлын байраа олоход нь 3 төгсөгч тутмын нэг нь ажлын туршлага дутах, 22.2 хувьд нь ажлын байрны хомсдол, 16.9 хувьд нь ажлын байрны мэдээллийн хомсдол, 11.7 хувьд нь мэргэжлийн ур чадварын дутмаг байдал зэрэг хүчин зүйлс хүндрэл бэрхшээл болж байжээ. 

Харин ажилгүй байгаа төгсөгчдийн хувьд ажил хайгаад олдохгүй, мэргэжилд тохирох ажил байгаагүй, цалин бага, ажил олгогчийн тавьсан шаардлагад нийцээгүй учраас нийцэхгүй байгаа учраас хөдөлмөр эрхлээгүй гэсэн хариултыг өгсөн байна.