Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос хөлөг онгоцоо цэнэглэх шатахууныг Өмнөдөөс хүсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хойд Солонгосын 140 хүнтэй Самжиён чуулгын уран бүтээлчдийг тус улсын хамгийн том хөлөг онгоц болох Мангёнбон-92 далайгаар тээвэрлэж Өмнөд Солонгосын Мукхо боомтод ирсэн юм.

Тэгвэл тус хөлөг онгоцыг шатахуунаар цэнэглэх хүсэлтийг Хойд Солонгосын тал Өмнөд Солонгост тавьсан тухай засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

“Засгийн газар Хойд Солонгосын тавьсан хүсэлтийг нягталж байна” гэж Солонгосын нэгдлийг хариуцсан яамны төлөөлөгч Байк Тэ Хюн сэтгүүлчдэд ярьсан байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгост нийлүүлэх нефть, шатахуунд хориг тавьсан тогтоолыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан. Тиймээс Өмнөдийн тал хөлөг онгоцонд шатахуун нийлүүлбэл хоригийг зөрчих эсэх талаар судалж байгаа бололтой.

Мөн хөлөг онгоцыг зогсоолд байрлах хугацаанд цахилгаан эрчим хүч, хоол хүнсээр хангахад асуудал үүсч байгаа юм. Тухайлбал хоол хүнсэнд нь АНУ-ын тавьсан хоригт багтсан орц, найрлага байгаа эсэхийг шалгах хэрэгтэй болж байгаа гэнэ.

Өнөөдөр буюу Лхагва гарагт Хойд ба Өмнөдийн хилээр 280 хүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг нэвтэрсэн байна. Хоёр Солонгосын өндөр хамгаалалттай хилээр энхийн цагт ийм олон хүн нэвтэрсэн тохиолдол бараг байхгүй юм.

 

Ирэгсдийн дотор 229 хөгжөөн дэмжигч, таэквондогийн 26 тамирчин, 21 сэтгүүлч, 4 олимпийн хорооны гишүүн багтаж байна.

Тэднийг автобусаар Пёнчан хотод хүргэж, дөрвөн одтой Speedium Hotel & Resort буудалд буулгана гэдгийг албаны хүн мэдээлжээ.

Тэднээс Хойд Солонгосын олимпийн хорооны дөрвөн хүнийг тусгайлан Пёнчан Холидэй Инн зочид буудалд буулгахаар болсон байна.

 

Эх сурвалж: Yonhap News