Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Агаарын тээврийг либералчилна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр орон нутагт хийж буй анхны томилолтоороо Хэнтий аймагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр Хан Хэнтий чуулгын байранд орон нутгийн иргэдтэй уулзлаа.

У.Хүрэлсүх иргэдэд хандаж "Нутгийн зон олон та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Одоогоос 18 жилийн өмнө би Хэнтий аймгаас УИХ-д сонгогдож байсан. Тэр үед 32 настай байлаа. Би өөрийгөө энэ нутгийн боловсон хүчин гэж бодож явдаг. Тиймээс та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно.

Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох ёстой. Дэлхийд нефтьгүй улс орнууд нефттэй улсаас түүхий эдээ аваад боловсруулаад болоод байна. Манай нефть маш сайн чанартай юм билээ. Бид Дорноговь аймагт нефтийн үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Дотооддоо бид нефтийн үйлдвэртэй болчихвол жинхэнэ тусгаар тогтнол болно. Эрчим хүч, шатахууны суурь үнүүдийг бид барихын тулд өөрсдөө үйлдвэрлэдэг болох ёстой.

Дээр нь агаарын тээврийг бид либералчилна гэж бодож байгаа. Хөшигийн хөндийн нисэх буудалд хоёрхон орны бус дэлхийн олон орны онгоц буудаг болох ёстой. Одоо өрсөлдөөн байхгүй учраас үнэ нь маш өндөр, тасалбар олддоггүй. Энэ асуудлыг бид шийдэж, монополь байдлыг үгүй болгож, агаарын тээврийг либералчилна” гэв.

Үүний дараа тэрбээр улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулав.

Нутгийн удирдлагуудаас өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан өвс тэжээлийн тусламж, хөнгөлөлт хүссэн юм. Ерөнхий сайд шийдвэр гаргаж 160 тонн өвс үнэ төлбөргүй, 100 тонн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй өгөхөөр болов.

Мөн Бэрх сумын эмнэлгийг түргэний машинтай болгох, аймгийн төвд малын гоц халдварт өвчний эсрэг тэмцэх ариутгалын 2 ширхэг машины асуудлыг шийдэж өгөв. Аймгийн нэгдсэн эмнэлэг түргэний машин шийдэж өгөхийг хүсэхэд асуудлыг ажил хэрэг болгоно гэж амласан юм.

“УТААНЫ АСУУДАЛ ГАНЦХАН УЛААНБААТАРТ Ч БИШ ХЭНТИЙ АЙМАГТ ТУЛГАМДААД БАЙНА”
 

Бид зарим иргэдийн Ерөнхий сайдад уламжилсан үгийг хүргэж байна.

Хэрлэн сумын өндөр настан н.Үл-Олдох “Улс төртэй холбогдуулаад ганцхан зүйлийг хэлье. Ард түмэн чинь залхаж байна шүү. Ардчилал гэдэг бүлэг хүмүүсийн биш нийт ард түмний өмч. Ардчилал гэдэг нэрийн дор улс төр хийгчид хэрээс хэтэрлээ. Сүүлийн 30 шахам жил төр тогтворгүй байлаа. Эдийн засгийг яаж элгээр нь хэвтүүлдгийг үзлээ.

Иргэдээ талцуулан хэрэлдүүлж, яс булаацалдаж буй нохой шиг болгодгийг үзлээ. Нэг хэсэг нь баяжиж, нөгөө хэсэг нь ядуурч байна.

Хэдэн зүйлийг санал болгож байна. Хэнтий аймаг бол дэлхийн суут хүмүүнийг төрүүлж өсгөсөн нутаг. Үүнтэй холбогдуулаад аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хөрөнгө оруулалт шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.

Хоёрдугаарт манай аймаг хөдөө аж ахуйн түүхий эдээр баялаг. Тиймээс баяжуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарч өгөөч.

Утааны асуудал Улаанбаатар гэлтгүй Хэнтий аймагт хүртэл тулгамдаад байна. Тиймээс орон сууцын асуудлыг дэмжихтэй холбогдуулж Засгийн газраас анхаарч өгнө үү" гэв.

Хэнтий аймгийн иргэн, Хан Хэнтий чуулгын бүжиг дэглээч н.ОюунбаатарСүүлийн хагас жилд манай Хан хэнтий чуулгын шинэ барилгыг ашиглалтад оруулна гэж хэлсэн. Барилга байгууламж баригдаж байгаа ч дотоод тоног төхөөрөмжийн асуудал санаа зовоох байна.

Бид шалдан байшинд орчихвол дараа нь чуулгын төсөв мөнгөнөөс юм авна гэсэн ойлголт байхгүй" гэв.

Чингис хотын 3 дугаар багийн иргэн н.Магсаржав “Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Чингис хотоос Дадал хүртэл хатуу хучилттай зам зайлшгүй тавих шаардлагатай Чингис хааны төрсөн нутгийг очоод үзэх юмсан гэсэн гадаад дотоодын олон иргэн байна.

Тиймээс хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгнө үү” гэв.

Уулзалтад оролцсон иргэд үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, зүүн аймгуудын шатахууны үнэ өндөр байгаа асуудлыг шийдвэрлэх, орон сууцны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, залуучуудыг ажилтай болгох зэрэг олон асуудлыг дэвшүүллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын дараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын хоёр малчинд Улсын аварга малчин шагнал гардуулах юм.