Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон 800 сая ам.доллараа юунд зарцуулснаа мэдэхгүй байна

Э.Мөнхзаяа
2018 оны 2 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Пентагоны хамгийн том бүтцийн нэг Ар талыг хангах газар 800 гаруй сая ам.долларыг хаана, юунд зарцуулснаа тайлбарлаж чадсангүй. Энэ талаар “Ernst & Young” компанийн аудитын тайлан гэрчилж байна. Тайлангаас үзэхэд тус газар томоохон төслүүдийнхээ баримтыг хангалттай бүрдүүлж өгч чадаагүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Батлан хамгаалах яам тайлан тооцоо сул байвал 2018 оны өндөр төсвөө авч чадах болов уу гэж сандралдаж эхэлжээ.

Пентагоны газрын гаваар орсон мэт хэдэн сая ам.долларын талаар RT дараах материалыг бэлтгэжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны Ар талыг хангах газар (DLA) буюу тус байгууллагын хамгийн том хэлтсийн нэг нь 800 гаруй сая ам.долларыг юунд зарцуулснаа аудиторуудад тайлагнаж чадсангүй. Энэ талаар “Ernst & Young” компанийн 2017 оны арванхоёрдугаар сард гаргасан тайлан харуулж байна.

“Аудиторуудын хэлснээр тус газар мөнгөө юунд үрсэн талаар хангалттай үндэслэл гаргаж чадахгүй байлаа" хэмээн тайланг гаргалцсан нэгэн эрхэм “Politico” сэтгүүлд мэдээлжээ. Ар талыг хангах газар бол Америкийн армидаа “супермаркет” нь гэсэн үг. Энд 25 мянган хүн ажиллаж, өдөр бүр газрын, агаарын болон тэнгисийн хүчнээс, мөн холбооны бүтцээсээ ирсэн 100 орчим мянган захиалгыг биелүүлдэг. Аудитын мэргэжилтнүүдийн баталснаар тус салбар хэлтэс зарим төслийн баримтыг олж, гаргаж өгч чадаагүй байна.

Харин АНУ-ын армийн инженерийн корпусын барилгын ажил, бусад хэлтсийн 465 сая ам.долларын өртөгтэй төсөл нь тайлан тооцоо буруу хийгджээ. Мөн 384 сая ам.долларын барилгын үргэлжилсэн төсөлд ч зохих баримт дутуу байв. Үүнээс гадна удирдлагын компьютерийн системийн тоног төхөөрөмжийн ашиглалтын тухай мэдээлэл олдоогүй байна. Энэ мэдээлэлд уг нь 100 орчим сая ам.доллар зарцуулсан аж.

DLA үүнд санаа зовохгүй байна

DLA аудитын шалгалтын үр дүнд огт санаа зовохгүй байна. Тус газрын тэргүүн Даррелл Уильямс хэлтсээ яамныхаа хамгийн нүсэр, хүнд бүтэцтэй болохоор иймэрхүү дутуу дулимаг зүйл гарах нь хэвийн зүйл гэжээ.

“Анхан шатны аудит бидэнд санхүүгийн урсгал үйл ажиллагаагаа хараат бусаар харах боломжийг олголоо. Бид үүссэн алдаа дутагдлаа арилгаж, DLA-гийн ажиллагаан дахь дотоод хяналтаа бэхжүүлэх болно. Бид эхний шатанд аудитын “цэвэр" дүгнэлт гарна гэж угаасаа хүлээгээгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Харин одоо тус байгууллагын чухал асуудал нь үйл ажиллагаагаа цэгцлэх гэж Уильямс онцлон тэмдэглэсэн байна.

Салаан завсраараа урсгасан мөнгө

Үүний зэрэгцээ Америкийн зарим улстөрч аудитын тайлантай холбогдуулан Пентагоны зардал үр дүнтэй байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Тэр тусмаа 2018 оны санхүүгийн жилд тус яаманд асар их буюу 700 тэрбум ам.доллар төсөвлөхийг сайшаасан билээ.

“Хэрвээ та бүхэн мөнгөө хааш нь юунд зарцуулсныг мэдэхгүй байгаа бол аудитын шалгалтыг давж чадахгүй шүү дээ” хэмээн Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Чак Грассли мэдэгджээ. Санхүүгийн хорооны дарга байсан Грассли нь Пентагонд аудитын шалгалт оруулах санаачилгыг гаргасан хүмүүсийн нэг юм. Өнгөрсөн сарын эхээр энэ шалгалтад ороход бэлэн гэж Батлан хамгаалахын сайдын санхүүгийн асуудал эрхэлсэн орлогч Дэвид Норкуист мэдэгдэж байв. Норкуистын тооцоолсноор шалгалт явуулахад 367 сая ам.доллар
шаардлагатай гэж байв. Үүнээс гадна илэрсэн асуудлыг арилгахад 550 орчим сая ам.доллар хэрэгтэй гэжээ.

Эргэлзээтэй зардлууд

Америкийн Батлан хамгаалах яам зардлаасаа болоод нэг бус удаа ийм таагүй байдалд орж байгаа юм. Тухайлбал 2016 оны арванхоёрдугаар сард сенатч Жон Маккейн батлан хамгаалахад зарцуулсан төсвийн 13 тэрбум орчим тэрбум ам.долларыг зорилгогүй үрсэн нь илэрсэн билээ. Энэ мөнгөний нэг сая орчим ам.долларыг нь цэргүүд стриптиз клуб, казинод үржээ. Үүнээс гадна Пентагон 2014-2015 онд Корнеллийн их сургуулийн эрдэмтдэд Гамбийн уутат хархны зан авирыг судал гэж 1.3 сая ам.долларын шагнал. өгчээ. Уг нь энэхүү хархыг албаны нохдын оронд мина, тэсрэх материал хайхад ашиглахаар төлөвлөж байлаа.

Харин 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын БХЯ харь гарагийн тухай мэдээллийг цуглуулах зорилготой хөтөлбөр байсныг баталсан. Энэ зорилгоор нийт 22 сая ам.доллар зарцуулжээ. The Advanced Aviation Threat Identification Program буюу AATIP хөтөлбөрийн хүрээнд Америкийн батлан хамгаалах байгууллага үл тайлагдах нисдэг объектуудыг судлах, агаарын өмнө нь тайлж тогтоогоогүй үзэгдлийг судалсан билээ.

Пентагон үнэхээр AATIP хөтөлбөр байдаг тухай үнэнийг“Тhе New York Times’’, "Politico” зэрэг хэвлэлүүдэд гарсны дараа л мэдэгдсэн юм. Тус хэвлэлүүдэд гарсан мэдээллээр энэ хөтөлбөр 2007-2012 онд байсан бөгөөд үүнийг албан ёсоор хэн ч мэдэгддэггүй, зөвхөн Пентагон, АНУ-ын Засгийн газрын цөөн хэдэн хүн л мэддэг байв.

AATIP хөтөлбөрийн удирдагчаар цэргийн тагнуулын хэлтсийн алба хаагч Луис Элезондо ажилладаг байсан бөгөөд түүний ажлын байх Пентагоны С хэсгийн тавдугаар давхарт байрладаг байжээ.

Зураг