Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мальдивт зорчихгүй байхыг улс орнууд иргэддээ анхааруулж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Далайн эргийн диваажин” гэгддэг Энэтхэгийн далайн арал улс Мальдивт үүссэн улс төрийн тогтворгүй байдалд улс орнууд болгоомжилж эхэллээ.

Өчигдөр тус улсын ерөнхийлөгч Абдулла Ямин Абдул Гаёом улс орондоо онц байдал зарласан юм.

Засгийн газар, Дээд шүүхийн хооронд үүссэн сөргөлдөөний улмаас ийм шийдвэр гаргасан ба ингэснээр ерөнхийлөгч нь шүүгч нарыг баривчлах эрх мэдэлтэй болж байна.

Олон улсын жуулчдын нэг гол чиглэл болсон Мальдивт зорчихгүй байхыг улс орнууд иргэддээ анхааруулж эхэлжээ.

Хятадын гадаад хэргийн яам “Мальдивт ойрын хугацаанд зорчих гэж байгаа иргэддээ аялалаа хойшлуулж, байдал тогтворжтол хүлээхийг зөвлөж байна” гэсэн агуулгатай мэдэгдэл гаргасан байна.

АНУ, Энэтхэг улсууд иргэддээ мөн ижил анхааруулга гаргажээ. Австрали улс тус аралд аялж байгаа иргэдээ аюулгүй байдалдаа анхаарал тавьж, гол аралд олон хүн цугласан арга хэмжээнүүдээс хол байхыг сануулсан байна.

Хавай, Бали арлуудын нэгэн адил жил бүр олон мянган жуулчин хүлээж авдаг Мальдив арал улс нь 400,000 хүн амтай юм.

 

Эх сурвалж: Korea Times