Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган: АНУ хүчирхэг гүрэн ч бүх дэлхий тэдний мэдлийнх гэсэн үг биш

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 6
Үндэсний шуудан
Зураг зураг

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы Италийн Засгийн газрын мэдлийн өдөр тутмын сонин “La Stampa” сонинд өнгөрсөн ням гаригт ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр Сирид явуулж буй цэргийн ажиллагаа, Иерусалим болон Турк өнөөг хүртэл Европын холбооны гишүүн болохоо хүлээсээр буй зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй олон асуултад хариулт өгчээ.

-Ерөнхийлөгч Эрдоган, Европын холбоог Болгар Улс тэргүүлээд зургаан cap боллоо. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск, Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер нарыг та хэлэлцээрийн ширээнд урьсан. Та өнөөг хүртэл Турк Улсыг Европын холбооны гишүүнээр элсэнэ гэдэгт итгэсээр байгаа юу?

-Турк Улс Европын холбоонд орох бүх шалгуурыг хангасан. Одоо зөвхөн Европын холбоог амлалтаа биелүүлэхийг л хүлээсээр байна.

-Тодруулбал?

-Европын холбоо процессыг санаатайгаар удаашруулж байна. Энэ бол шударга бус явдал. Одоогоор Европын зарим орнууд Туркийг Европын холбооны гишүүнээр хүлээн зөвшөөрөх саналыг холбоонд тавихаар төлөвлөж байгаа.

-Европын холбоо Туркийг гишүүнээрээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан нь Туркт хүний эрхийн асуудал хурцаар тавигдаж буйтай холбоотой. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Би Европын холбоог хий худал зүйлд анхаарал хандуулах бус илүү бүтээлч байдлаар хандаасай гэж хүсэж байна. Турк Улс Европын холбоонд элсэх үйл явцад дотоодын улс төрийн асуудал хамаарахгүй.

-Болгар Улс Европын холбоог тэргүүлснээр Туркийг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх процест ахиц гарах болов уу?

-Бойко Борисов, Дональд Туск, Жан-Клод Юнкер нар эртний найзууд. Тэд Европын холбоонд намайг улс төрд орж ажилласнаас ч удаан ажиллаж байгаа.

-Та удахгүй Пап Францистай уулзана. Энэ үеэрээ ямар асуудлыг голчлон ярилцахаар төлөвлөж байна вэ?

-Иерусалимын талаар голчлон ярилцана.

-Яагаад Иерусалим гэж?

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын эрх зүйг зөрчин Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсний дараа би пап Францистай угсаар ярьсан. Биднийг утсаар ярьсны дараа тэр дэлхийн өнцөг булан бүрт байгаа христийн шашинтнууддаа Иерусалимын талаар үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэсэнд нь талархаж байна. Иерусалим бол христийн болон ислам шашинтны аль алиных нь хувьд чухал газар.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард НҮБ-ын Аюулгүй зөвлөл Трампын мэдэгдлийг буруутгасан. НҮБ-ын 196 гишүүн орон өөрийн зөв зүйтэй байр суурийг илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. АНУ хүчирхэг гүрэн байж болно. Гэхдээ бүх дэлхий тэдний мэдэлд ороогүй. Иерусалим хот бол эзлэн түрэмгийлэлд өртсөн Палестины нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрөхийг би дэлхийн улс орнуудад уриалж байна.

-Паптай хамтран ямар нэгэн санаачилга гаргахаар төлөвлөж байгаа юу?

-Бид Иерусалимын хуучин квотыг хадгалж, гурван шашны ариун газар хэвээр үлдээж, палестинчуудын эрхийг хамгаалахыг зорих болно. Үүнийг Пап дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

-Туркийн далбаа сүүлийн үед Катар, Судан, Газын зурвас зэрэг Ойрх Дорнодын олон оронд харагдах болжээ. Ер нь Турк Улс сүүлийн үед Ойрх Дорнодын гол тоглогч болж байна гэхэд хилсдэхгүй болов уу?

-Турк зөвхөн Ойрх Дорнодод бус дэлхийн хаана ч нөлөө үзүүлэх хэмжээний хүчирхэг болж байна. Бидний үүрэг бол “Исламын улс” болон курдууд тэргүүтэй террорист бүлэглэлүүдтэй тэмцэх, Европыг зорих цагаачдын урсгалыг зогсоох юм.

-Гэхдээ Европын холбоо курдуудыг террорист гэж үздэггүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ террористуудын эсрэг тэмцдэг гэж үзэн дэмждэг?

-Террорист террористынхоо эсрэг тэмцэнэ гэж юу байхав.

-Пап Франсис Ойрх Дорнод дахь христэд итгэгчдийн эсрэг хүчирхийлэл газар авч буй талаар мэдэгдэж байсан. Энэ талаар та ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Ойрх Дорнодод өөр өөр шашинтай хүмүүс олон зууны турш энх тайван аж төрсөөр ирсэн. Гэтэл одоо гадны нөлөөнөөс болж байдал эсрэгээрээ болоод байна. Зөвхөн христийн шашинтнууд ч бус ислам шашинтнуудын хувьд ч нөхцөл байдал хүнд байна. “Исламын улс” бүлэглэлийн хохирогчдын олонх нь ислам шашинтан. Мөн Мьянмарын ислам шашинтны цөөнх рохинжа үндэстнүүд байна.

-Сирийн Ракка, Иракийн Мосул зэрэг хотыг “Исламын улс” бүлэглэлийн хяналтаас чөлөөлсөн. “Исламын улс” бүлэглэл эдгээр хотод дахин хяналтаа тогтоох боломжтой юу?

-Эдгээр хотыг чөлөөлснөөр Сирийн 130 мянган дүрвэгч эх нутагтаа эргэн ирээд буй. Раккаг чөлөөлөх үед тус хотод байсан “Исламын улс” бүлэглэлийн дайчид Сирийн Афринд очиж нуугдсан. Тиймээс одоо Африн хотыг “цэвэрлэх" хэрэгтэй. Хэрэв террористуудыг үндсээр нь “цэвэрлэж” чадвал дахин ийм асуудал давтагдахгүй.

-Гэхдээ Туркийн арми курдуудтай байлдахаар аль хэдийнээ Африн хотод нэвтэрсэн шүү дээ?

-Туркийн цэргийн хүчин курдуудтай бус террористуудтай байлдаж байгаа гэдгийг онцолмоор байна. Тэр тусмаа Сирийн курдуудтай бид ямар ч асуудалгүй.

-Африн хотод явуулж буй цэргийн ажиллагааг хэзээ зогсоох вэ?

-Одоохондоо хэлэхэд эрт байна. Бид зөвхөн Сирийн газар нутгийг террористуудын хяналтаас бүрэн чөлөөлөхийг л хүсэж байна.

-Сирид явуулж буй Туркийн цэргийн ажиллагаа ОХУ-тай шууд холбоотой. Учир нь танай цэргийн хүчин ОХУ-аас S-400 агаарын пуужин худалдаж авч буй. Энэ нь НАТО-гийн зүгээс нэлээн эсэргүүцэлтэй тулгараад байгаа?

-Сирид явуулж буй цэргийн ажиллагаанд агаарын довтолгоог голчлон ашиглаж байгаа. Харин ОХУ техник, технологийг нийлүүлж байгаа юм. Үүнийг НАТО буруутгах нь буруу. Грек, Франц зэрэг НАТО-гийн гишүүн орнууд ч гэсэн ОХУ-аас пуужин худалдаж авдаг.

-Та 15 жилийн турш Турк Улсыг захирч байна. Туркийг ирээдүйд ямар улс болгохыг хүсэж байна вэ?

-Турк Улсыг дэлхийн шилдэг хөгжиж буй 10 улсын нэг болгохыг мөрөөддөг. Одоогийн байдлаар Турк Улсын хөгжлийн төвшингөөрөө дэлхийн хэмжээнд 16-д бичигдэж байгаа.

Зураг