Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдсэн Солонгосын далбаанд маргаантай арал дүрслэгдсэнийг Японы засгийн газар эсэргүүцлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын нээлтэд жагсах хоёр Солонгосын нэгдсэн багийн далбаанд газар нутгийн маргаантай арлуудыг багтаасныг Японы засгийн газар өнөөдөр эсэргүүцлээ.

Уг далбаанд цагаан дэвсгэр дээр Солонгосын хойгийн газрын дүрсийг цэнхэр өнгөөр дүрсэлсэн байдаг. Харин уг газрын дүрсэнд Өмнөд Солонгосын захиргаанд байдаг боловч Япончууд өөрийн газар нутаг гэж маргадаг арлуудыг дүрсэлжээ. Сөүлийн тал эдгээр арлуудыг Докдо гэж нэрлэдэг бол Япончууд Такэшима гэдэг.

 
Баруун гар талын жижиг цэг нь маргаантай арлууд

 

“Такэшима арлын талаар манай байр суурьтай уг далбаа нь нийцэхгүй байна” гээд олимпийн наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ийм асуудал дэгдэж байгаад харамсаж байгаагаа Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Бид өөрийн хатуу байр сууриа дипломат шугамаар Өмнөд Солонгост илэрхийлсэн” гэж тэр нэмж хэлсэн юм.

Хэдхэн сарын өмнө Токиод маргаантай арлуудын тухай музей нээгдэхэд Сөүлээс мөн эсэргүүцлээ илэрхийлж байв. Засгийн газрын байгуулсан уг музейд Хятадтай маргаантай байдаг арлуудын тухай баримт, гэрэл зургуудыг бас үзүүлж байжээ.

Пёнчаны Өвлийн Олимпийн нээлтэд Японы ерөнхий сайд Шинзо Абэ оролцох ба энэ үеэрээ хоёр талын хооронд зөрчилтэй байдаг дайны үеийн “сэкс боол”-ын асуудлаар хэлэлцэх юм.

 

Эх сурвалж: Japan Today