Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Астрофизикчид анх удаа өөр галактикийн гарагуудыг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Манай галактикийн гадна байгаа гарагуудыг анх удаа астрофизикчид илрүүлсэн байна. Үүнээс өмнө хүн төрөлхтөн зөвхөн Сүүн замын буюу өөрийн галактикийн гарагуудыг л мэддэг байсан юм.

NASA-гийн Chandra X-ray Observatory дурангаас авсан мэдээллийг ашиглан бүлэг гарагийг “microlensing” гэгддэг аргаар илрүүлжээ.

Нээгдсэн гарагуудын хамгийн жижиг нь сар, хамгийн том нь Бархасбадьтай ижил хэмжээтэй, 3.8 тэрбум гэрлийн жилийн зайтай галактикт байгаа юм.

Оклахомагийн их сургуулийн астрофизикч, профессор Шинью Дай, доктор Эдуардо Гуэррас нар нээлтийнхээ талаар “The Astrophysical Journal” сэтгүүлд нийтлүүлжээ.

Тэдний ашигласан “microlensing” нь хэт алсын од эрхсийг илрүүлэх цорын ганц арга болж байгаа юм. Өөр галактикийн од эрхсийг дэлхийгээс шууд ажиглах ямар ч боломжгүй. Харин дээр дурдсан аргаар гарагуудын байрлал, массын тухай төсөөлөх боломжтой юм байна.

Ингэхдээ алсын гараг болон дэлхийн дунд байгаа өөр нэг од, хар нүх зэрэг биетийг дамжуулагч линз болгон ашигладаг гэнэ. Дэлхийгээс харахад эдгээр дамжуулагч биетүүд алсын гарагтай яг давхцах үед хэмжилтийг хийдэг байна. Ингэж давхцахад алсын гарагийн цацруулж байгаа гэрэл дундын биет дээр тусаж, түүний тал талаас ойсон гэрэл нь цацарч мэдрэгддэг. Уг гэрлийн хэмжээг дундын биетийн орчимд байгаа бусад од, гарагийн гэрэлтэй харьцуулж байж өөр галактикийн гарагийн талаар мэдээллийг тооцоолон гаргадаг байна.

Уг аргыг байх боломжтой гэдгийг Эйнштэйн таталцлын ерөнхий онолдоо өгүүлсэн байдаг ажээ.

 

Эх сурвалж: Independent