Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Археологичид Майя соёл иргэншлийн олон мянган байгууламжийг шинээр илрүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Археологичид хойд Гватемалын нутгаас LiDAR (Ligth Detection And Ranging) технологийн тусламжтайгаар Майя соёл иргэншлийн урьд мэдэгдэж байгаагүй 60,000 гаруй байгууламжийг илрүүлжээ.

Колумбийг Америк тивд ирэхээс өмнөх Майягийн соёл иргэншил нь төсөөлж байснаас илүү өндөр хөгжилтэй, эртний Грек, Хятадын иргэншлүүдтэй ойролцоо түвшинд байсныг уг олдворууд харууллаа хэмээн судалгаанд оролцсон эрдэмтэд мэдээлсэн байна.

Тэд Гватемалын хойд хэсгийн 2,000 км.кв талбайтай ширэнгээс хоорондоо холбоотой байгууламжууд, уурхай, тариалангийн талбай, гудамж талбайг илрүүлжээ.

Мөн шинэ нээлтийн үндсэн дээр Колумбийн өмнөх үеийн Төв Америкийн хүн амын тоог шинэчлэн тогтоох хэрэгтэй болж байгаа гэнэ.

Сүүлийн жилүүдэд LiDAR mapping технологийг эрдэмтэд ашиглаж эхлээд байгаа юм. Үүгээр Төв ба Өмнөд Америкийн гүн ширэнгэ ойнуудыг самнаж, эртний байгууламжуудыг илрүүлэх боломж нээгдэж байгаа ажээ.

Нисэх онгоцонд суурилуулсан LiDAR мэдрэгч нь газар руу лазерын туяагаар буудаж, обьектод ойж буцсан дохиог нь ашиглан байрлал, хэлбэрийг тодорхойлдог юм.

Уг лазерын туяанд нь модны навч, ургамал саад болдоггүй ажээ. Ингэж олсон мэдээллийг ашиглан тухайн газар орны байгууламжуудаар газрын зураг бүтээх боломжтой.

Судалгааг Гватемалын PACUNAM буюу Майягийн Соёлын Өвийг Хамгаалах Сангаас зохион байгуулжээ. Нийтдээ 12,000 км.кв талбайг хамрах судалгаа нь гурван шаттай хэрэгжих юм.

Нээлтийн талаар эхний мэдээллийг энэ долоо хоногт цацагдах Nation Geographic special нэвтрүүлгээр үзүүлнэ.

 

Эх сурвалж: The Verge