Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхбат: Энэ жил алт тушаалт буурч болзошгүй байна

ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд алтны салбар томоохон байр суурь эзэлдэг. Сүүлийн жилүүдэд ч Монголбанкинд тушаах алтны хэмжээ тогтмол өсөлттэй байгаа билээ. Харин  2017 онд Монголбанкинд тушаасан шар металын хэмжээ 20тн-д хүрсэн явдал нь Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан бөгөөд энэ үйл явдал нь  судлаач, мэргэжилтэн төдийгүй иргэдийн анхаарлыг татаад байна. Бид энэ удаа төрийн байгууллага гэхээсээ илүү алт олборлолтыг гардан гүйцэтгэж, Монгол улсынхаа эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй алтны салбарын үйлдвэрлэгчдийн хамгийн том нэгдэл болох Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Энхбаттай ярилцаж салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.

-Өнгөрсөн онд танай салбар Монголбанкинд 20тн алт тушаасан түүхэн амжилттай жил болж өнгөрсөн. Юуны өмнө танд болон танай салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН, иргэдэд баяр хүргэе.

-Баярлалаа. Тиймээ 2017 он манай салбарын хувьд амжилттай жил болж өнгөрсөн. 20тн алт тушаасан гэдэг маань Монгол улсын валютын нөөцийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн гэсэн үг. Валютын нөөц нэмэгдсэнээр ам.доллартай харьцах төгрөгийн ханш чангарч, бидний худалдан авах чадвар нэмэгдэж, том зургаараа эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдаж байгаа юм.

-Алтны салбар Монгол улсын эдийн засагт том байр суурь эзэлдэг ч иргэдийн зүгээс алт олборлогчдод байгаль орчин, гол ус бохирдуулагч, малын бэлчээр сүйтгэгч гэсэн сөрөг хандлагатай байдаг?

-Өмнө нь сөрөг хандлага харьцангуй их байлаа 2000 аад оны сүүл үед шүү дээ. Төр нь ч тэр, компаниуд нь ч тэр хариуцлагын тогтолцоо сул байснаас үүдээд салбарын нэр хүнд унаж байлаа. Харин одоо бол харьцангуй Алт үйлдвэрлэгчдийг муу муухайгаар дайрч давшлах нь багасч байна. Монгол улсын хэмжээнд алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниуд маш хариуцлагатай болсон.

Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг болсон. Мөн Алтны салбар Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг иргэд ойлгодог болжээ.

Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдаад 5 жил боллоо. Холбоо маань байгуулагдах болсон хэд хэдэн шалтгаануудын нэг нь хариуцлагатай уул уурхайг Монгол улсдаа бий болгож хөгжүүлэх явдал байсан. Байгаль орчны нөхөн сэргээлтийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг хэн нэгэн биш энэ салбартаа үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэг нэгэндээ үлгэрлэдэг, шахдаг шаарддаг болсон юм. Энэ ажил ч үр дүнгээ маш сайн өгсөөр байгаа.

-2017 оны нэгдүгээр сард мэргэжлийн засгийн газар “Алт 2” үндэсний хөтөлбөрийг баталж ажил нь эхэлсэн. Хөтөлбөрт тусгагдсан ажлууд биеллээ олж байна уу?

-Алт-2 хөтөлбөрийг ярьж эхлэхээс өмнө “Алт-1” хөтөлбөрийн талаар товч дурдах нь зүйтэй болов уу. Анх 1991 оны 11 сарын 1-нд Монгол улсын анхны ерөнхийлөгч П. Очирбатын санаачилгаар  батлагдан хэрэгжиж эхэлсэн байдаг. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр бараагүй шахуу байсан  хүнд хэцүү үеийн даван туулахад алтны салбарын үүрэг маш их байв. Ингээд “Алт 1”, “Алт-2000” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж нийтдээ 1992-2012 он хүртэлх хугацаанд 218 тонн алт олборлож, 2,8 тэрбум ам.долларын экспорт хийгдсэн байдаг.  Ингэж тухайн үеийн төр засгийн дэмжсэн бодлогуудын үр дүнд 2005 онд алтны олборлолт 25тн-д хүрч оргилдоо хүрч байсан.

Энэ хэмжээгээрээ Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн тэлэлтэд гол үүрэг гүйцэтгэж байв. Гэтэл 2007 оноос эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” буюу “Гэнэтийн ашгийн 68%-ийн татвар”, 2009 онд “Урт нэртэй хууль” гэх мэт төр засгийн харалган, алсын хараагүй бодлогуудын үр дүнд 2012 он гэхэд алтны экспорт  2,8 тн-д дөнгөж хүрсэн хүнд хэцүү үе байсан. Энэ үед дэлхийн зах зээл дээрх алтны ханш бараг 1800 ам.долларт хүрээд байсан алтан үе. Энэ боломжийг Монгол улс ашиглаж чадаагүй юм.

Харин одоо “Алт 2” хөтөлбөр цаасан дээр буугаад хэрэгжиж эхэлсэн боловч хөтөлбөрт тусгагдсан алт олборлолтыг дэмжих, өсгөхөд чиглэгдсэн ажлууд хийгдэхгүй байгаа нь салбарын гол тулгамдсан асуудал болоод байна. Алт 2 хөтөлбөрийг боловсруулах үед бид тухайн үеийн Засгийн газартай хамтарч алтны салбарт хийх шаардлагатай ажил, бодлогуудыг тусгуулж чадсан ч эдгээр ажлууд удааширч байна.

Алтны салбар бол хайгуул, олборлолт, борлуулалт, уурхайн хаалт, нөхөн сэргээлт гэсэн олон шат дамжлагатай цогц үйл ажиллагаа байдаг. Алт 2 хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нэг чухал ажил бол санхүүжилтийн асуудал. Алтны компаниудын санхүүжилт нь Монгол улсын алтны нөөцийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой. Хайгуулын ажил эрсдэл ихтэй учир улс өөрөө гэхээсээ илүү хувийн хэвшлүүд дээрээ тулгуурласан хайгуулын ажлыг хийж гүйцэтгүүлэх нь Монголын төрд ашигтай хувилбар. Гэтэл 2017 онд гэхэд  4-5 хан л аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан. Энэ зээлийг алтны салбарынханд боломжийн хүүтэй, хугацаа урт зэрэг нөхцөлөөр олгох талаар маш олон жил ярьж байна. 2014 оноос л та бүхэнд санхүүжилт олгоё, алтны компаниуд харин алтаа сайн тушааж, Монгол улсын засагт хувь нэмрээ оруул гэдэг ч холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлээд банкин дээр очдог, банкны зүгээс тавьж байгаа шаардлагууд заримдаа хэтийдсэн байдаг.

Хамгийн гол нь хугацаа урт, хүү уян хатан, барьцаа бодитой байх хэрэгтэй байдаг ч энэ бүхэн эцэстээ хэрэгжих боломжгүй болоод өнгөрдөг.  Хөгжлийн банктай хамтран ажиллах боломжоо ярилцаад зээлийн материалаа бүрдүүлж өгдөг. Харамсалтай нь судлаж байна, эсвэл нэмэлт материал нэхсээр зургаан сард авсан материалаа 2-3 сар судалдаг. Арванхоёрдугаар сард буцааж төлөх зээлийг найман сард авбал ав гэсэн байдлаар харьцдаг нь Монгол улсынхаа засгийн газрын бодлоготой агентлагууд нь зөрчилдөөд байгаа ч юм шиг эргэлзээ бидэнд төрүүлдэг.

-Удахгүй гуравдугаар сараас уул уурхайн ажил эхлэх гэж байгаа байх. Үүнтэй холбогдуулан та бүхэнд тулгамдаад байгаа асуудлууд хэр байна?

-Энэ жилийн хувьд бидэнд нэлээд хүндрэлтэй асуудлууд тулгараад байна. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам буюу манай салбарын төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаа ажиллагаа удаашран доголдож, энэ жилийн олборлолтын ажил хугацаандаа эхлэх үү үгүй юу дээрээ тулаад байна. Уул уурхайн салбарт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа улирлын чанартай явагддаг учир аж ахуйн нэгжүүд тухайн жилийн бэлтгэл ажлаа 2 дугаар сараас эхлэн бэлтгэж, 3 дугаар сараас  хөрс хуулалтын  ажлаа эхэлж, өвлийн улирал эхэлтэл буюу 9 дүгээр  сар хүртэл олборлолтын үйл ажиллагаа явагддаг.

Дараа жилийн ажлаа хуулийн хүрээнд эхлүүлэхийн тулд өвөл нь бичиг цаасны их ажлаа амжуулдаг. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахын тулд тэдгээр бичиг цаасыг боловсруулах, Төр захиргааны байгууллагад хамгаалах, Төр захиргааны байгууллагаар баталгаажуулах нүсэр их ажил байдаг юм. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн  Эрдэс баялгийн мэргэжлийн Зөвлөл  хуралдахгүй хүлээгдэж байна. Мөн нөөцийн тайлан болон ТЭЗҮ-д  шинжээч томилохгүй удах, хурлаар орсон тайлангуудын дүгнэлт, тушаал гарахгүй хүлээгдэх зэрэг нь ердийн үзэгдэл боллоо.

Цаг хугацааны хувьд хурал хуралдахгүй хүлээгдэх, бичиг баримтын бүрдэл хангагдахгүй байх нь улирлын чанартай үйлдвэрлэл  эрхэлдэг уул уурхайн салбарынхны хувьд маш хүнд асуудал бөгөөд бичиг баримт дутуугаас үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй хугацаа алдах, сул зогсох, ажилчдаа цалинжуулж чадахгүй байх зэрэг хүнд асуудлууд тулгараад байна. Түүнчлэн үүнтэй зэрэгцэн алт олборлолтын ажил төлөвлөгдсөн хугацаанд эхлээгүйгээс үүдэн Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах зэрэг олон сөрөг үр дагаврууд үүсч мэдэхээр байна.

-Та бүхэн энэ үүсээд байгаа энэ асуудлаа УУХҮЯ-нд тавьж, ярилцаж үзсэн үү?

Бид УУХҮ-ийн сайдад үүсээд байгаа асуудлаа бичгээр илгээсэн байгаа. Энэ асуудлаар тайлбарлаж уулзах, хамтдаа шийдэл гаргах хүсэлт тавьсан. Бидэнтэй удахгүй уулзаж ярилцах байх гэж найдаж байна. Бидэнд хүлээх хугацаа ч үгүй боллоо. Дахин хэлэхэд өнөөдрийн манай салбарт тулгамдаад буй энэ асуудлыг сайтар ухамсарлаж, шийдвэртэй арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэхгүй бол 2018 Монголбанкид тушаах алтны хэмжээ зорьсон түвшиндээ хүрэх байтугай өнгөрсөн оны хэмжээнд ч хүрч чадахгүй байх нөхцөл байдал бий болчихоод байна.

 

Эх сурвалж: news.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.