Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 6: Үндэстэн дамнасан компани

ikon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
 

-Амжилттай яваа үндэстэн дамнасан компаниуд өөрсдийгөө бие даасан, үндэсний бус аж ахуй нэгж гэж үздэг-

Өнөө үед олон улсын бизнес эрхэлж буй ихэнх компаниуд уламжлалт үндэстэн дамнасан корпорацийн хэв маягтай байна. Гэвч эдгээр компаниудын ихэнх нь үндэстэн дамнасан компанийн хэв маяг уруу хувирч эхэлсэн бөгөөд энэхүү өөрчлөлт нь хурдацтайгаар газар авч байна.

Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ хэвээрээ байж болох ч бүтэц нь үндсээрээ өөрчлөгдөж байна. Олон улсын компаниудын хувьд эдийн засгийн ганцхан нэгж хэсэг байдаг нь дэлхий ертөнц. Борлуулалт, үйлчилгээ, олон нийтийн харилцаа болон хууль зүйн асуудлууд нь орон нутгийн хэмжээнд яригдана. 

Харин эд анги, машин тоног төхөөрөмж, төлөвлөлт, судалгаа шинжилгээ, санхүү, маркетинг, үнэлгээ болон менежмент нь дэлхийн зах зээлийн түвшинд хийгдэж байна. 

Жишээ нь Америкийн алдартай нэгэн инженерийн компани дэлхийн 43 оронд байрлах үйлдвэртээ ашиглах ганцхан чухал эд ангийг л зөвхөн Бельгийн Антверп хотын гадна үйлдвэрлэдэг. Тухайн компани нь дэлхийн зах зээлд гаргах бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ гурван улсад, харин чанарын шалгалтаа дөрвөн өөр улсад хийдэг юм.

Энэхүү компанийн хувьд улс орны хил гэдэг ач холбогдолгүй зүйл болон хувирчээ. Гэхдээ үндэстэн дамнасан компани нь тухайн орны засгийн газрын хяналтаас бүтэн гарсан гэсэн үг биш. Тэд тухайн улс орныхоо хууль, эрх зүйн орчинд зохицон ажиллах хэрэгтэй болсон юм.

Гэхдээ эдгээр зохицол нь дэлхийн зах зээл болон технологи дээр үндэслэн гаргасан бодлого болон дэг журмаас гадуур байх хэрэгтэй. Амжилттай яваа үндэстэн дамнасан компаниуд өөрсдийгөө бие даасан, үндэсний бус аж ахуй нэгж гэж үздэг.

Өөрийгөө ийн үнэлэх үзэл нь хэдэн арван жилийн өмнө төсөөлөхийн аргагүй байсан үндэстэн дамнасан дээд менежментээр батлагдаж байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: АНУ-аас худалдаж авсан компьютер эсвэл принтерийнхээ тухай гадаадад орших харилцагчийн үйлчилгээний төвөөс лавлаад үз. Тэдний үзүүлж буй үйлчилгээний чанар танай орон нутгийн компанийхтай харьцуулахад хэр байна вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.