Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дайн гарвал Японы иргэдийг нүүлгэхэд туслахыг Абэ Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөс хүсэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойгт дайн дэгдвэл иргэдийг нь нүүлгэн шилжүүлэхэд туслахыг Японы ерөнхий сайд Шинзо Абэ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзахдаа хүсэхээр болсныг Японы засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Энэ нь Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын дараа Вашингтон-Пёньяны хооронд мөргөлдөөн дэгдэж болзошгүй байгааг харуулсан явдал болж байна. Пёнчаны Паралимпийн наадам гуравдугаар сарын 18-нд өндөрлөх ба тэр хүртэл АНУ-Өмнөд Солонгосын талууд цэргийн хамтарсан сургуулилалтаа түр зогсоогоод байгаа юм.

Харин энэ завсрыг ашиглаж Хойд Солонгос цэргийн ажиллагаа явуулж магадгүй хэмээн Токио сэжиглэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Шинзо Абэ олимпийн нээлтэд оролцохын хажуугаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзахаар ирэх долоо хоногт хоёр өдрийн айлчлал хийх гэж байгаа.

Тэдний уулзалт олимпийн нээлтийн ажиллагаа болох газрын ойролцоо зочид буудалд 45 минутийн хугацаанд үргэлжлэхээр төлөвлөгджээ. Абэ энэ үеэр Японы иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны төлөвлөгөөг санал болгож, талуудын ажлын хэсгийг байгуулах хүсэлт тавихаар болсон гэнэ.

Японы гадаад хэргийн яамны тооцоолсноор Өмнөд Солонгост тус улсын 38,000 орчим иргэн амьдарч байгаа ажээ.

“Японы иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө хамтарч ажиллахыг би Өмнөд Солонгосын талаас хатуу шаардана” гэж Абэ өнгөрсөн Лхагва гарагт парламентийн дээд танхимын төсвийн хорооны хурал дээр хэлсэн байна.

Зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Сөүл рүү тусгай үүргийн онгоц нисгэх, бусад хотуудад байгаа иргэдийг газраар Бусан хотод тээвэрлэж, дараа нь усан замаар Японы баруун өмнөд Цушима аралд хүргэх төлөвлөгөөг Токио боловсруулаад байгаа гэсэн мэдээлэл бий. Олон тооны иргэдийг тээвэрлэхийн тулд Японы Өөрийгөө Хамгаалах Зэвсэгт хүчин, тус улсад байрлаж буй АНУ-ын цэргийн машин техникийг ашиглах гэнэ.

Уулзалтын үеэр Өөрийгөө Хамгаалах Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Өмнөд Солонгост илгээж, нүүлгэх ажиллагааг зохион байгуулах боломжийн талаар Сөүлтэй ярилцахаар болсон байна.

 

Эх сурвалж: Japan Today