Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д Сталинградын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хоёрдугаар дайны нэг чухал үйл явдал болох Сталинградын ялалтын 75 жилийн ойд хүндэтгэл үзүүлэхээр тус хотод зочилжээ.

Хуучин Сталинград нэртэй байсан, одоогийн Волгоград хотод ирсэн Путин “Сталинградын тулаан бол дайсныг бүр мөсөн ялах замын эхлэл байсан юм” гэж хэлсэн үгэндээ онцолсон байна.

Тэрээр дайны ахмад дайчдад баяр хүргэн, талархал илэрхийлээд тэдний байгуулсан суурь дээр улс орноо хөгжүүлэхийг Оросын иргэдэд уриалжээ. 1942-1943 онд таван сар үргэлжилсэн Сталинградын тулаан нь Зөвлөлтийн цэргийн тэсвэр тэвчээрийг харуулж, дэлхийн хоёрдугаар дайны хувь заяанд эргэлт гаргасан гэдэг.

Тулаанд нийтдээ нэг сая гаруй хүний амь үрэгдсэн гэх тоо бий. 

Өчигдрийн арга хэмжээнд армийн 75 ширхэг машин техник оролцсон парад зохион байгуулагджээ. Тэднийг Зөвлөлтийн үеийн гол зэвсэг болох T-34 танк тэргүүлсэн байна.

Германы фелд маршал Фридрих Паулюсын зургаадугаар армитайгаа бууж өгсөн газрын ойролцоо парад болж, 1,500 орчим цэрэг, 60 нисэх онгоц бас оролцжээ.

Путин бас Волга мөрний эрэг дээрх Мамаев Курганы дурсгалын цогцолборт зочилж, цэцэг өргөсөн юм. Мөн тулаанд Зөвлөлтийн цэргийг удирдсан маршал Василий Чуйковын булшинд хүндэтгэл үзүүлжээ.

Баасан гарагийн өглөө Путин Сталинградын тулааны амьд сэрүүн байгаа цорын ганц ахмад дайчин Валентина Шульгинад баярын мэндчилгээ илгээсэн юм. 91 настай, цэргийн эмч асан эмэгтэй одоо Гүржийн Абхазид амьдардаг ажээ.

Волгоград хот Москва хотоос зүүн өмнө зүгт 940 км зайтай оршдог. Хаант Оросын үед Царицын гэж нэрлэдэг байсан энэ хотын нэрийг 1925 онд Сталинград хэмээн өөрчилж байв.

1953 онд Сталиныг нас барсны дараа үүссэн улс төрийн шинэчлэлтийн үеэр буюу 1960-аад оны эхээр Волгоград болгон өөрчилжээ.

 

Эх сурвалж: AFP, ТАСС