Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Хөдөө аж ахуй бол Монголын ард иргэдийг хоол, өмсөх хувцас, орлоготой болгож байгаа салбар

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийн асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ. 

Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.5 тэрбум төгрөгт хүрсэн

Тэрбээр "УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг тус тус батлан гаргаж, мал аж ахуйн салбарын хөгжлийн ойрын болон дунд хугацааны зорилтуудыг тодорхойлж өгсөн. 

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэл баримтлах бодлого”-д “уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ” гэж мал аж ахуйн салбарын хөгжлийн чиглэлийгтогтоосон.

Монгол улсын Засгийн газар мал аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудыг бататган сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоор эдийн засгийн өсөлт бий болгох, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа болно.

Дээр дурьдсан бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлууд, үр дүнгийн талаар эрхэм гишүүд Та бүхэнд товч танилцуулъя.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр 17 зорилт, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр 6 зорилтыг хэрэгжүүлэхээр заасан. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр өнөөгийн байдлаар зарим нааштай үр дүнд хүрээд байна.

Үүнд:

  •  Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна.
  • Малчдын уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүнд малын тоо 2017 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 66.2 сая болж, өмнөх оноос 7.6 хувиар өсч, малын тоо 5 төрөл бүрт өслөө.
  • Мал аж ахуйн салбараас 2016 онд нядалгааны жингээр 400,0 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 38.6 мянган тонн ноос, ноолуур, 14,0 сая ширхэг арьс ширийг тус тус үйлдвэрлэв.
  • Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос 2017 онд 494,8 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 89,3 сая ам.доллар буюу 20,0 орчим хувиар өслөө.
  • Мал аж ахуйн салбарын хөгжил дэх төрийн зохицуулалт, дэмжлэгийн чиглэл, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үүрэг, хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль болон дагалдах хуулиудыг 2017 оны 12 дугаар сард Улсын Их Хурлаар батлан гаргасан. Мөн Засгийн газраас “Монгол мал” хөтөлбөрийг баталсан.
  • Малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг шинээр байгуулж, 65.5 мянган үрийг дотооддоо үйлдвэрлэж, өндөр ашиг шимт малын 10.0 мянган тун үрийг гадаадаас авч 5.0 мянган малд зохиомол хээлтүүлэг хийж, монгол малын 3 үүлдэр, омгийг шинээр баталгаажуулан, Монгол улс нийт 47 үүлдэр, омгийн малтай боллоо.
  • Бэлчээр, байгалийн бусад нөөцийн зохистой ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд 15 аймаг, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийн нийт 670 мянган га бэлчээрт хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж бэлчээрийн доройтлыг бууруулав.
  • Доройтсон бэлчээрийг сэлгэн өнжөөж, нөхөн сэргээх арга хэмжээг 5 аймгийн 30 мянган га-д зохион байгуулав. Улсын  тусгай хэрэгцээний отрын бүс шинээр байгуулах судалгааг явуулснаар 87.0 мянган га бэлчээрийг улсын тусгай хэрэгцээнд авах боломжтой болохыг судалж тогтоогоод байна.
  • Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвөөс 107, гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 35, орон нутгийн төсвөөс 213 инженерийн хийцтэй худаг, малчдын санаачлагаар 319 гар худаг, нийт 674 худаг шинээр гаргасан.
  •  Манай улс 2017 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалт бүхий 43.8 мянган худагтай. Нийт худгийн 28.3 хувь буюу 13.6 мянга нь инженерийн хийцтэй худаг, 71.7 хувь буюу 30.2 мянга нь энгийн уурхайн худаг байна.
  • Улсын хэмжээнд 2017 онд давхардсан тоогоор 540 суманд 1140 удаагийн малын халдварт өвчний гаралт, өвчлөл бүртгэгдэж, нийт 20 нэрийн халдварт өвчин гарсан нь өмнөх оны тоон үзүүлэлттэй харьцуулахад өвчин гарсан сумын тоо 57, өвчний гаралт 157, өвчний хорогдол 776-аар тус тус буурсан.
  • Шүлхийн вакцинжуулалтад 2017 онд 20 аймгийн 188 сумын 60.9 мянган малчин өрхийн 14.2 сая толгой малыг хамруулсан.
  • Малаас хүнд дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бруцеллёзын вакцинжуулалтад 2016 онд 13.3 сая, 2017 онд 22.0 сая толгой малыг хамруулсан.
  •  Малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2017 онд өмнөх оны үзүүлэлтээс 3,3 дахин, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 7 дахин нэмэгдсэн байна.
 83.3 мянган малчин айл өрхийг нарны цахилгаан эх үүсвэрээр хангалаа

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Үүний үр дүнд мал аж ахуйн салбараас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэн, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чадавхи бэхжих юм.

Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулахад дараах байдалтай байна.Тус бодлогыг үндсэн 3 чиглэл, стратегийн зорилтын хүрээнд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр заасан бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны буюу 2009-2015 оны төлөвлөгөөг Засгийн газрын 2009 оны 208 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхэлсэн. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг дараахь 3 үндсэн зорилтот чиглэлийн хүрээнд хэрэгжүүлсэн.

Нэгдүгээрт зорилтын хүрээнд:

Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийт 83.3 мянган малчин айл өрхийг нарны цахилгаан эх үүсвэрээр хангасан.

  • Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотуур байранд 3,0 мянга гаруй малчны хүүхдийг хамруулж байна. 
  • Төвөөс алслагдсан сумдын малчдын хүүхдийг сурч, хүмүүжих нөхцлийг хангах, сургалтын орчинг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилга” төсөл хэрэгжүүлж, улсын хэмжээнд  539 гэр цэцэрлэгийг байгуулж ажиллуулсан.
  • Мал хамгаалах сангаар дамжуулан 129.9 сая төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгосон.
  • 15 аймгийн 45 сумын нийт 497 малчин өрхөд өвөлжөө, хаваржаагаа барих, засах ажлыг дэмжих,  хүнсний ногоо тариалах хүлэмж барих, аялал жуучлалын гэр буудал барих зэрэг ажлуудыг  дэмжиж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  сан”-гаас 841.2 сая төгрөгийг олгосон байна.

Хоёрдугаарт зорилтын хүрээнд:

  •  Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр малчин хүн өөрийн хотноос бэлтгэсэн мал, түүхий эд, бүтээгдэхүүнээ баталгаажуулах, эдийн засгийн аливаа харилцаанд оролцоход өөрийн баталгааны тэмдэгтэй байх боломжийг бүрдүүлсэн.
  •  Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх  зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 652 малчин өрхөд 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон.

Гуравдугаарт зорилтын хүрээнд:

Малчдыг эрчимжсэн аж ахуй эрхлэхэд зориулан 218 тэрбум төгрөг, малын тэжээлийн хангамжийг сайжруулахад 3.5 тэрбум төгрөг, малчдын бүлгийг дэмжихэд 1.3 тэрбум, малчдын хоршоог дэмжихэд 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн хөнгөлөлтийг тус тус үзүүлсэн.

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд малчдыг эрүүл мэндийн даатгалд бусад даатгуулагч нараас  ялгамжтай,  хөнгөлөлттэй үнээр хамруулж байна.
  •  Хүний хөгжил сангаас 1,2 тэрбум төгрөг зарцуулан төрөөс малчдыг 100 хувь эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулсан.
  • “Малчдын явуулын амбулаторийн тусламж үйлчилгээ” арга хэмжээг хэрэгжүүлснээр нийт малчдын 60 хувийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд жилд нэг удаа хамруулж байна.

Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд малчдын хөдөөд ая тухтай амьдрах нөхцлийг бий болгох тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, малчдыг аж ахуй эрхлэх зохион байгуулалтын оновчтой бүтцэд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр малчдын ашиг, орлогыг нь нэмэгдүүлэх, улмаар орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулах болно гэж үзэж байна.

Малын гоц халдварт өвчний тархалтын хүрээ, давтамжийг бууруулна

Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан“Монгол мал” үндэсний хөтөлбөрийнхэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар товч мэдээлье. 

Монгол мал хөтөлбөрийг 5 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр заасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны буюу 2010-2015 оны төлөвлөгөөг Засгийн газрын 2010 оны 222 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн эхний жилд мал аж ахуйн үйлдвэрлэлийн анхан шатны нэгж болох 330 суманд мал эмнэлэг, үржлийн тасгийг байгуулж, тэдгээрийг чадавхижуулахад онцгойлон анхаарч, малын нэгдсэн бүртгэлийн системийг хэрэгжүүлж эхэлсэн.

Түүнчлэн малчдын бэлтгэж, үндэсний үйлдвэрүүдэд тушаасан хонь, тэмээний ноос, арьс ширэнд төрөөс мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг хэрэгжүүлж, 2011-2017 онуудад давхардсан тоогоор нийт 506.7 мянган малчин өрх, мал бүхий иргэнд 136 тэрбум төгрөгийн урамшууллыг улсын төсвөөс олгожээ. 

 “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 3 хувиас багагүй байхаар тооцож жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх”-ээр баталсан хэдий ч эдийн засгийн хүндрэл, улсын төсвийн хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг олгож чадаагүй байна.

Ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын дараахь асуудлуудад онцгой анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна.

Үүнд:

  • Юуны өмнө саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан Малын эрүүл мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гоц халдварт өвчний тархалтын хүрээ, давтамжийг эрс бууруулах,
  • Малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай, нэгдмэл байдлаар удирдан зохион байгуулах, хяналттай байх, хариуцлага тооцох тогтолцоог шийдвэрлэх,
  • Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жил ирэх тутамд доройтож байгаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, усжуулах арга хэмжээг авах,
  • Хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс эрчимжсэн мах, сүүний аж ахуй, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх,
  • Жил дараалан, давтамжтайгаар өвөлжилт хүндэрч, малын хорогдол их гарч байгаа аймаг, бүс нутагт малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тэжээлийн хангамжийг эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авах,
  • Мал аж ахуйн салбарын өнөөгийн бодит түвшин, цаашдын хөгжлийн гарцуудыг зөв тогтоох, тооноос чанарт шилжих асуудлыг шийдвэрлэх зорилгоор малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар 2019 онд зохион байгуулж, үр дүнгийн тайланд үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх,
  • Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах нэг гол хүчин зүйл болж байгаа хүйтний улирлын цаг агаарын урт хугацааны таамаглалыг оновчтой боловсруулан гаргах, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэлийн мэдээллийг малчдад хүртээмжтэй, шуурхай түгээх тогтолцоог улам сайжруулах,
  •  Малчдын залуу халааг бэлтгэх, хүн бүл муутай малчин өрхүүдэд туслах малчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар илгээж, өвөл, хаврын хүндрэлтэй цаг үед хүн хүчний туслалцаа дэмжлэг үзүүлж байх зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллахаар төлөвлөж байна. Эдгээр ажил зохих төвшинд явагдаж байгаа.

Хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын эдийн засгийн төрөлжилтөд гол үүрэг гүйцэтгэх, монголын нийт ард иргэдийн хоолтой, ундтай, өмсөх хувцастай, 300 гаруй мянган хүнийг ажилтай, орлоготой болгож байгаа, Монгол улсын хөгжлийн тулгуур салбарын нэг юм.

Иймээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Засгийн газрын бодлогод хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого ихээхэн чухал байр суурийг эзэлж байгааг тэмдэглэн хэлье.

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгагдсан мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвлийн хүйтэнд хөрч, зуны аагим халуунд халж, цаг наргүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарыг түүхий эдээр хангаж байгаа нийт малчиддаа талархалаа илэрхийлье" гэлээ. 

 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба